
Финландын Тампере хотод чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ өчигдөр эхэлсэн. Тэмцээний эхний өдөр манай хоёр бөх зодоглосноос эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын Азийн АШТ-ий алт, хүрэл медальт Нармандахын Насанбуян хүрэл медалийн эзэн боллоо.
Ингэснээр Монголын тамирчдын залуучуудын ДАШТ-ээс авчирсан 40 дэх медаль, 25 дахь хүрэл медалийг эх орондоо авчирч байна. Түүнчлэн тэрбээр өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хос медальтан болж байна.
Түүний жинд 15 бөх барилдсанаас Н.Насанбуян эхний даваанд Туркийн Явуз Фатих Сентуркэд зургаан оноо дараалан алдаж дийлдэж явсан ч өрсөлдөгчөөсөө хоёр оноо авч тэндээсээ даралтад оруулан цэвэр ялсан. Харин шөвгийн наймд энэ жилийн залуучуудын ЕАШТ-ий хүрэл медальт Армений Карен Зурабянд 2:13 буюу оноогоор цэвэр ялагдсан юм. Армений бөх шигшээд шалгарснаар түүнд дагаж барилдах боломж гарч ирсэн. Улмаар дагах барилдаанд Косовогийн Дрилон Силаг 14:2-оор, хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны Рахат Калзаныг 6:4-өөр ялсан юм.
60 кг-д 2013 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт Цэвээнсүрэнгийн Цогбадрах жиндээ наймдугаар байрт оров. Түүнд медаль хүртэх боломж бүрэн дүүрэн байсан ч ашиглаж чадаагүй байна.
Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 55, 66, 84, 120 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манай улсаас 66 кг-д Э.Тэмүүлэн, 120 кг-д Д.Эрдэнэтулга нар барилдана.
Б.Орхон