Хатан Туул хогийн жалга болох цагаар...

Үд хэлбийсэн үе. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрнээс зүүн тийш Туул голын өмнөд эрэг хөл хөдөлгөөн ихтэй. Төрөл бүрийн маркийн машинууд замбараагүй байрлах бөгөөд  сүүдэрт нь хүмүүс хэсэг бүлгээрээ тойрон сууна. Зарим нэг нь өмсөж ирсэн хувцсаа өдрийн ажлын ачаалалтайгаа тайлж орхиод нарны илчинд бүлээссэн голын усан дотор бие бие рүүгээ ус цацан хөгжилдөх аж.

Энд хөзөр тоглож, нэгнийхээ ярихыг чих тавин чагнаж, үе үехэн инээх хэсэг хүн байхад  голын эргийн бүлээн чулуун дээр дээш харан хэвтэх нэгэн ч цөөнгүй.  

Гэвч, голын эрэг хавиар, бургасны орчимд, тэр бүү хэл гол дотор ч  хог хөглөрнө. Салхи үл ялиг сэвшин үлээх тоолонд хаа нэгтэйгээс муудсан махны үмхий, гашилсан, нэгшсэн зүйлийн таагүй үнэр хамар цоргиж байв. Голын уснаас хэдхэн алхмын зайд байрлуулсан суудлын машиныхаа сүүдэрт өнөөх өмхий үнэрийг үл тоон усны урсгал харан үдийн цайгаа ууж суух хүмүүс ч байх аж.  

Сонгинохайрхан дүүргийн иргэн О.Мөнхтамир гэдэг хөрслөг бор  залуу ажлын ачааллаа тайлж, түрхэн ч атугай хотын чимээнээс холдохын тулд энд иржээ. Түүний байрласан газартай хаяа дэрлэх бургастай хэсэг “хогийн цэг”-ийг орлоно.

Тэр хэсэгт тав алхаад л овоолсон хог таарч байв. “Хогоо ил задгай хаях, ууталсан атлаа амарсан газраа орхиод явах нь иргэд ухамсаргүй, хариуцлагагүй байгаатай холбоотой. Гэхдээ хог хаях нэгдсэн цэг байгуулчихвал  ил задгай хог хаяхаа болих байх” хэмээн тэрбээр ярилаа. 

Гялгар уутанд хийж амыг нь боосон хог, архины шилнээс эхлээд мөлжсөн яс, хэрэглэсэн бэлгэвч гээд юу эсийг энд хаяжээ. Мөн амрагчид энд тэндгүй бие зассаныг илтгэх  хэрэглэсэн ариун цэврийн цаас хөглөрч, өмхий ханхлуулан байлаа. Бургасны сүүдэрт бусдын хаясан хогийг дэрлэх шахам ойрхон зайд согтуу эр унтаж байхад, түүнээс холгүй зайд нэгэн гэр бүл гудас дэвсэн нарлаж байх нь тэр.   



“ТУУЛЫН ЭРЭГТ БИШ, ХОГИЙН ЦЭГИЙН ХАЖУУД АМАРЧ БАЙГАА МЭТ ОНЦГҮЙ САНАГДАЖ БАЙНА”
 

“Хог ихтэй, суух газар олдохгүй нь. Үнэр танар нь дийлдэхгүй юм байна” гэж Баянзүрх дүүргийн иргэн М.Мөнхбаяр хурдан хурдан алхах зуураа хэлээд, голын захаас холгүй тавьсан машин руугаа яаран одлоо.  Туул голын эрэгт майхнаа хатгаж, ойр орчмын хогийг нь цэвэрлэн хоёр уутанд хийж, хажуугийнхаа  бургаснаас дүүжилсэн хостой таарав. Эрэгтэйг нь Н.Эрдэнэдорж гэдэг. Тэрбээр “Туулын эрэгт биш, хогийн цэгийн хажууд амарч байгаа мэт онцгүй санагдаж байна. Нийслэлчүүд биднийг ундаалж байгаа энэ гол хогноос ичсэндээ ширгэх вий дээ” хэмээн халаглалаа.

...урин дулаан улиралд Туул голын эрэг орчмын амралтын газруудад давхардсан тоогоор нэг сая хүн амардаг...

Хэнтийн Хагийн хар нуураас эх авч Улаанбаатар хотоор дамжин Орхон голд цутгадаг Туул гол нийт 704 км урт замыг туулдаг. Түүний багахан хэсэг нь Улаанбаатар хотын тэг дундуур дайран өнгөрдөг ч,  хамгийн халтай хэсэг нь энэ. Нийслэл хотод Монгол Улсын хүн амын тэн хагас нь амьдардаг. Тэгвэл урин дулаан улиралд Туул голын эрэг орчмын амралтын газруудад давхардсан тоогоор нэг сая хүн амардаг гэсэн тоон мэдээлэл бий ажээ. Үүний тодорхой хувийг гадаадын жуулчид эзэлдэг байна. Харин амралтын газарт очихгүйгээр Туул голын эрэг орчимд майхнаа хатгаж, зугаалдаг  иргэдийн тоо хэд хүрэхийг тооцоолох боломжгүй. Тэдний хаясан хогийг төр, төрийн бус байгууллагууд, иргэд, хувийн хэвшлийнхэн сайн дураараа цэвэрлэдэг.  Тухайлбал, Туул гол дагуу үйл ажиллагаагаа явуулдаг АПУ, III, IV цахилгаан станц, Цахилгаан дамжуулах сүлжээ компани  зэрэг 25 байгууллага өнгөрсөн гуравдугаар сараас хойш нийгмийн хариуцлагын хүрээнд давхардсан тоогоор 54.1 км талбайгаас 200 орчим тонн хог цэвэрлэсэн байна. Энэ ажилд нийт 3240 хүн оролцжээ. Мөн зарим байгууллагаас эрэг дагуу хогийн сав байрлуулдаг ч ойр хавийн айл өрхүүд хулгайлах,  үхэр мал эвдэх тохиолдол гардаг байна. Түүнчлэн, харьяа дүүргийн ТҮК-д хогийн сав байрлуулсан хэсгийн хогийг авах чиг үүрэг байдаггүй учраас хог нь сагасан байдалтай үлддэг аж.



ДЭД ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХҮЛЭЭХ ТУУЛ ГОЛ


Энэ хавийн хог хаягдлын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Туул голын сав газрын захиргааны Менежмент төлөвлөлтийн албаны дарга Х.Түвшинбаяраас тодрууллаа.

Түүний хэлснээр, Туул голын сав газрын захиргааны үйл ажиллагааны гол чиглэл нь төрөөс баримталж буй хөтөлбөр, төлөвлөгөөг сав газрын хэмжээнд хэрэгжүүлэх, боломжит нөөцийг зүй зохистой ашиглах, ашиглалтын байдалд хяналт тавих, нөхөн сэргээх, орон нутгийн болон салбар дундын зохицуулалт хийх гэв. Тиймдээ ч, “Хогийн цэг, бие засах газар байгуулах нь бидний ажлын чиг үүрэг биш шүү дээ. Ийм зориулалтын төсөв  манайд байдаггүй. Үүнийг нийслэл, дүүрэг хариуцах ёстой. Туул гол Баянзүрх, Хан-Уул гэх мэт дүүргийн нутаг дэвсгэрт хамаардаг” гэсэн юм.

Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.  Тус хуулийн 9.3 дахь хэсэгт аймаг, нийслэлийн Засаг дарга нар хог хаягдлын талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах, энгийн хог хаягдлын төвлөрсөн цэг хийгээд хог хаягдлыг боловсруулах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох тухай заажээ.
 

...Машин орж гарах гарцтай болгохоос гадна хогийн зориулалтын цэгийг улирлын чанартай байршуулдаг байх зэрэг арга хэмжээг төлөвлөсөн...

Энэ дагуу Туул голын эрэг орчимд хогийн цэг, бие засах газар байгуулах , хог хаягдлын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих үүргийг нийслэл, харьяа дүүрэг хариуцах ёстой. Хуулийн дагуу хогийн менежментийг сайжруулах үүрэг хүлээж буй Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Аригуунтай уулзав. Тэрбээр  2017-2020 он хүртэлх Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр боловсруулсныг дуулгасан юм.  Тус хөтөлбөр одоохондоо цаасан дээр байгаа ч,  үүнд Туул, Сэлбэ зэрэг гол дагуух хэсгийг хог хаягдалгүй болгох, хог хаягдлын менежментийг сайжруулах зорилт багтаж байгаа гэнэ.  С.Аригуун хэлэхдээ “Хөтөлбөрийн хүрээнд эмх замбараатай амралт зугаалгын бүс бий болгоно. Машин орж гарах гарцтай болгохоос гадна хогийн зориулалтын цэгийг улирлын чанартай байршуулдаг байх зэрэг арга хэмжээг төлөвлөсөн. Хөтөлбөрийг тодорхой хугацаанд  орон нутгийн төсөвт батлуулсны дараа хэрэгжүүлнэ. Гэхдээ энэ жилийн тухайд хэрэгжих боломжгүй. 2018 оны төсөвт тусгачихвал, голын эрэг орчим бие засах газар, хогийн цэгтэй болно. Ингэснээр  ил задгай хог хаях нь багасах байх. Мөн хүн олноор цуглардаг хэсгүүдийг судалж, тохижилт хийх төлөвлөгөө бий” гэлээ.

Түүний хэлсэнчлэн, Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр батлагдсан ч, ирэх оноос нааш хэрэгжих боломжгүй юм байна.

Энэ мэтээр амрагчдын хариуцлагагүй байдал, оновчтой  хот төлөвлөлтгүйгээс эдүгээ “Хатан Туул-Хогон Туул” болж, хэн нэгэн сайн дураараа ирж цэвэрлэхийг хүлээн өмхийрч муудсан хогоо дааж ядан урсана. Харин Туулыг зорих хөл тасрахгүй, машинууд ар араасаа цувран ирсээр...


Б.Даваахүү
Монголын мэдээ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.