Хүүхдийг эхийн сүүгээр хооллох дэлхийн долоо хоног эхэллээ
“Эхийн Сүүгээр Хооллолтыг Дэмжих Дэлхийн Холбоо”-оос санаачлан 1992 оноос эхлэн хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих Дэлхийн долоо хоногийн аяныг жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон. ДЭМБ-ын чуулганаар 2025 он гэхэд зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллолтыг 50 хувьд хүргэхээр зорилт дэвшүүлсэн.

Эхний нэг цагийн дотор ангир уургыг амлуулснаар нярайн эндэгдлийг 22 хувь бууруулдаг бөгөөд эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллосноор суулгалтаар эндэх эрсдэлийг 75-93 хувь, уушгины хатгалгаагаар эндэх эрсдэлийг 80 хувь бууруулдаг  байна.

Мөн багадаа эхийн сүүгээр хооллож байсан хүүхэд II хэлбэрийн чихрийн шижин өвчнөөр өвдөх эрсдэл 37 хувиар, илүүдэл жин болон таргалалтад өртөх эрсдэл 22 хувиар буурдаг болох нь судалгаагаар нотлогджээ.

Монгол Улсад хүүхдийг эхийн сүүгээр хооллох үзүүлэлтүүд жил ирэх тутам буурсаар байна. Тухайлбал, 2010 онд нийт нялхсын 66 орчим хувь эхний 6 сарын турш эхийн сүүгээр дагнан хооллож байсан бол 2013 онд энэ үзүүлэлт 50 хүрэхгүй хувьтай болж хүүхдийн дундах өвчлөл ихэсчээ.
 

Ингэж буурах болсон нь олон шалтгаантай аж. Тухайлбал,

  • Гэр бүл болон ажлын байран дахь дэмжлэг туслалцаа муу,
  • Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний хууль бус импорт, иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл бүхий зар сурталчилгаа нэмэгдсэн,
  • Эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн зөвлөгөө тусламж хангалтгүй, цаашлаад нийгэмд ядуурлын түвшин тууштай буурахгүй байгаа зэрэг нь эхчүүд төрөөд удалгүй ажилдаа эргэн орохоос өөр аргагүй байдалд хүргэж байгаа аж.

“Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн энэ жилийн уриа агуулга нь эхийн сүүгээр хооллолтын дэмжиж ажиллах түншлэл, урт хугацааны хамтын ажиллагааны үндэс суурийг бий болгож, бэхжүүлэхэд чиглэгдэж байна. Дээрх уриалга, санаачлагыг дэмжиж үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл өөрсдийн үйл ажиллагааны хүрээнд эхийн сүүгээр хооллолтыг дэмжих бодлого, зорилт, арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих, хууль бус импортлогч нар болон далд сурталчилгаатай хамтран тэмцэх САЙН ДУРЫН үүрэг амлалтад нэгдэж байгаа аж.

Түүнчлэн, эхийн сүүгээр хооллолтод эмч, эмнэлгийн ажилчдын өгөх зөвлөгөө, дэмжлэг чухал болохыг тэмдэглэж, бүх аймаг дүүргийн жирэмсний хяналтын эмч, эх баригч, нярайн эмч, сувилагчдыг хамруулсан зайн болон танхимын сургалтуудыг энэ долоо хоногийн аяны хүрээнд төлөвлөжээ.

Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө төр, хувийн хэвшил, олон нийт, гэр бүл хамтдаа хүчин чармайлт гарган ажиллаж, ирээдүйн тогтвортой хөгжлийг авч явах эрүүл, саруул хойч үеийнхээ төлөө одооноос хөрөнгө оруулалт хийхийг зохион байгуулагчид уриалж байна .

Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.