Долоо хоногийн тойм
Өнгөрч буй энэ долоо хоногт улс, эх оронд  болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. Энэ долоо хоногт  сүүлийн хоёр сонгууль дамжин сөхөгдсөн 60 тэрбумын асуудал дахин сөхөгдлөө. Ерөнхийлөгч Х.Баттулга уг асуудалд нухацтай хандахыг АТГ-т анхааруулсан. Мөн энэ долоо хоногт их хэмжээний усархаг бороо орсны улмаас эрдэнэт хүний амь нас эрсэдсэн хэрэг гарсан. Ингээд та бүхэнд энэ долоо хоногт  өрнөсөн онцлох үйл явдлын тоймыг хүргэж байна.

“60 тэрбумын хэрэг”-т  албан ёсоор хэрэг үүсгэлээ
 
Эрх баригч намын 60 тэрбумаар төрийн албыг үнэлж  буй нэгэн ноцтой бичлэг цацагдсанаас хойш багагүй хугацаа өнгөрч байна. Уг хэргийг тойрсон хэл өдөр алгасахгүй гарч,  үүнтэй холбоотой шинэ мэдээллүүд ч ар араасаа хөвөрдөг. Өнгөрсөн сард Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа ид дундаа өрнөж байхад  60 тэрбумын  бичлэгийг хийсэн Г.Доржзодов гэх залуу гарч ирж, нийгэмд нилээд шуугиан тарьсан.

Тэгвэл хамгийн сүүлд 60 тэрбумын гэх уг хэрэгт албан ёсоор хэрэг үүсгэжээ. Тодруулбал, Улсын Ерөнхий прокурорын газраас иргэн Г.Доржзодовын өмгөөлөгч Г.Баасангийн тус прокурорын газарт гаргасан гомдлын дагуу Нийслэлийн прокурорын газраас "60 тэрбум”-ын бичлэгтэй холбогдуулан хянан шийдвэрлэсэн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материалыг хянаж үзээд Эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзсан тогтоолыг хүчингүй болгосон байна.

Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэрэг бүртгэлт явуулахыг Авлигатай тэмцэх газарт даалгажээ.

Уг хэрэгт Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг томилон шалгуулахаар шийдвэрлэж, хамтарсан ажлын хэсэг томилсон тогтоол гаргаж, мөрдөн шалгах байгууллагуудад хүргүүлээд байна.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг АН эсэргүүцэв
 
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал нэлээд олон сар яригдаж байгаа. Энэхүү өөрчлөлтийг Ардчилсан намаас эсэргүүцэж, "Өнөөгийн парламентад хэт олонхийг бүрдүүлж буй эрх баригчид Үндсэн хуульд хууль бус аргаар халдаж, хэт олонхидоо эрдэн хүч түрэн өөрчлөлт оруулах алхмуудыг хийж эхэллээ” хэмээн өчигдөр мэдэгдэл гаргав.

Байгалийн гамшигт үзэгдэл болж, хоёр хүн амиа алдав
 
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутагт багийн нутгаар энэ сарын 24-ны өдрийн 17:58 цагаас 18:10 цагийн хооронд салхины хурд 28 м/с хүрч ширүүсэн, аадар бороо, 2.5-4.0 см-ийн голчтой  мөндөр орж байгалийн гамшигт үзэгдэл боллоо. Энэхүү гамшигт үзэгдлийн үеэр хоёр хүүхэд мөндөрт цохиулж хөнгөн гэмтэн эмнэлгийн тусламж авсан юм. Мөн 20 айл өрхийн гэр нурж, 10 аж ахуйн нэгж, байгууллагын барилгын цонх хагарч, 64 байшингийн дээвэр мөндөрт цохигдон цөмөрч, салхинд хийссэн. 149 автомашины салхины шил, гэрлэн дохио хагарч, автомашины төмөр хийц мөндөрт цохигдон хонхойж, цахилгаан дамжуулах 0.4 кВт-ын 10 шон унасны улмаас 610 орчим айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын 2100 гаруй хэрэглэгчийн цахилгаан тасарч, үр тариа, төмс хүнсний ногоо тариалсан 300 орчим га талбай мөндөрт цохигдсон юм.

 Түүнчлэн энэ сарын 25-ны өдөр түр зуурын борооны дараах үерээс болж СХД-ийн 21-р хороо, Жаргалант тосгонд  гурван хүний амь нас эрсдэж, долоон айл орон гэргүй болсон байгалийн гамшигт үзэгдэл болов. Одоогоор хохирлын хэмжээг тогтоогоогүй байгааг албаныхан хэлж байна. Үерийн улмаас сүмийн цуглаанд очоод буцаж явсан хүүхдүүд үерийн усанд боогдож нэг хүүхэд амиа алдаж, нэгэн эмэгтэй эсгийнд ороогдсон байдалтайгаар амьсгал хураасан байсныг онцгойгийнхон олжээ. Түүнчлэн таван настай охины цогцсыг аврагчид зургаан цаг орчим хайсны эцэст олсон юм.
 Ерөнхийлөгчийн улс төрийн зөвлөхөөр Н.Алтанхуягийг томилов
 
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг Ерөнхийлөгч Х.Баттулгын ахлах зөвлөх болох талаар олон өдрийн өмнөөс ярьж эхэлсэн билээ. Тэгвэл өнгөрөгч баасан гарагт албан ёсоор Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Н.Алтанхуягийг өөрийн улстөрийн зөвлөхөөр томилсон байна. Н.Алтанхуягийн хувьд Монгол улсын 27 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байсан юм.
Хакухо М.Даваажаргал дээд амжилт тогтоон, эх орондоо ирэв 
 
Японы мэргэжлийн сүмо бөхийн дэвжээнээ түүхэн амжилт үзүүлээд байгаа Хакүхо М.Даваажаргал өнгөрөгч даваа гарагт эх орондоо ирлээ. Тэрбээр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд 19.30 цагт буусан юм. Түүнийг аав, ээж, найз нөхөд, үнэнч фенүүд нь угтан авлаа. Хакухо М.Даваажаргал ирсэн даруйдаа хэвлэлийнхэнтэй уулзалт хийсэн юм. Тэрбээр Нагоя башёд тэргүүлж 39 дэх түрүүгээ хүртэснээс гадна 1050 дахь даваагаа авч бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон даваа авсан сумоч болоод байгаа.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.