
Хөдөлмөрийн баатар, Монголын сумо бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгч, Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх аварга Хакухо М.Даваажаргал эх орондоо сумогийн анхны дэвжээг нээлээ.
Тэрбээр өчигдөр Хан-Уул дүүрэгт байрлах "Мөнххада" компанийн өмнөх талбайд ийнхүү сумогийн дэвжээг нээсэн бөгөөд нээлтийн арга хэмжээнд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Кёкүшюзан Б.Батбаяр болон Япон улсын элчин сайдын яамны хүндэт төлөөлөгчид оролцжээ.
Япон Монгол хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 45 жил, Мияконожо хот-Улаанбаатар хотын хооронд харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд энэхүү дэвжээг бүтээн байгуулсан аж. Энэхүү нь Монголд баригдаж буй анхны сумогийн дэвжээ гэдгээр онцлогтой.
Дэвжээг барихад нийт 70 сая төгрөг зарцуулагдсан бөгөөд энэхүү зардлыг Мияконожо хотын иргэд хандив цуглуулан босгосон аж. Мөн Хакухо М.Даваажаргал дэмжин ажиллаж хувь нэмрээ оруулжээ. Цаашид энэхүү дэвжээнд Хакухо аваргын нэрэмжит хүүхдийн барилдааныг зохион байгуулах, Япон Монгол хоёр орны найрсаг харилцааны бэлэг тэмдэг болгон ашиглахаар төлөвлөж байгаа аж.
Дэвжээ гардуулах ёслолын үеэр Хакухо М.Даваажаргал үг хэлэхдээ мэргэжлийн сумогийн 39 дэх түрүүг авч, нийт давааны тоогоо 1050 болгон шинэ амжилт тогтоосон үйл явдалтай давхцаж буйд ихэд бэлэгшээж буйгаа хэлээд Монгол улсын мэргэжлийн сумогийн их аваргууд энэ дэвжээнээс төрөн гарах болтугай гэв.