Д.Энхгэрэл: Бүжгийн урлаг гайхалтай хэрнээ хатуу сорилт

Монголын бүжгийн урлаг шинэхэн гавьяатаар бүл нэмээд удаагүй байна. Төрийн их баяр наадмын өмнөхөн Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат жүжигчин хэмээх эрхэм дээд алдрыг хүртсэн СУИС-ийн тэнхимийн эрхлэгч, бүжгийн багш Даш-Яйчилийн Энхгэрэлийн амьдралын хүрдийг хамтдаа эргүүлье.

Үүний өмнө бяцхан тодотгол хийхэд “Их урлагийн манлай уран бүтээлчид” номын тэргүүн дэвтэрт “Бүжиглэх л гэж, бүтээх л гэж төрсөн алаг нүдэн” гарчгийн дор “Бүжигчин, бүжиг дэглээч, бүжгийн найруулагч, багш. “Алтангадас” одонт, Бүх урлагийн тэргүүн дээд “Гоо Марал”, нэрт эрдэмтэн С.Лувсанвандангийн нэрэмжит гоозүйн дээд шагналтан. Үндэсний болон орчин үеийн бүжиг бүжиглэх, дэглэх, найруулах гурван салаа замаар нэгэн зэрэг урагшлан давхиж яваа бүжгийн урлаг дахь “шинэ технологийн хурдан галт тэрэг” бол тэр” хэмээснийг онцолъё. Энд дурдсанчлан Д.Энхгэрэл гавьяатын амьдрал уран бүтээлийг бүжгийн урлагаас салгаж ойлгох аргагүй. Тиймдээ ч одоогоос 20 гаруй жилийн өмнө түүний хань морин хуурч

Д.Болор-Эрдэнэ “Гэр бүлийн хоёр хүн хоёулаа урлагаар явах хүндрэлтэй. Чи минь гавьяат болоорой. Би ар гэрээ даая” гээд урлагаас татгалзаж байжээ. “Надад итгэсэн ханийн маань олон жилийн өмнөх тэр үг ерөөлтэй байжээ” хэмээн тэрээр баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.

Мөн тэрээр “Энэ шагнал бол бүжгийн урлагийн салбарт өгч буй урам зориг хийгээд давхар хариуцлага юм. Илүү хурдтай, өөрийгөө хөгжүүлж ажиллах үүрэг өгч байна. Дэндүү сайхан хэрнээ дэндүү хатуу бүжгийн урлагт үнэнчээр зүтгэж буй бүжигчиддээ баярладаг. Аав, ээж, гэр бүл, багш нар хамтран зүтгэгчиддээ баярлалаа” гэсэн юм.

 

“МИНИЙ АНХНЫ БАГШ ААВ МИНЬ”

 

Аав, ээж нь хүүхдээ зөв нээж олж харах юм бол ирээдүйнх нь амжилтыг “зурж” өгдгийн тод жишээ түүний амьдрал аж. Дунд ангидаа Хөгжим бүжгийн сургууль, дараа нь Соёлын коллежид шалгалт өгөөд тэнцээгүй ч охиныхоо хүсэл мөрөөдөл, авъяас чадварыг олж харсан ижий аав нь тухайн үедээ хамгийн анхны төлбөртэй бүжгийн ангид оруулсан байна. Энэ тухай дурсахдаа “Аав, ээж маань Хөвсгөлийнх. Би хотод төрж өссөн. Шалгалт өгөөд тэнцээгүй намайг 18 мянган төгрөгийн төлбөртэй Соёлын коллежийн бүжгийн ангид оруулсан. Тэр үед мэргэжлийн хүмүүс болохгүй гэж байна гэсэн  бол аав ээжийнхээ үгэнд орох л  байсан. Гэтэл  охиныхоо хүсэл эрмэлзлэлийг хүндэтгэж дэмжсэн нь өнөөгийн миний хувь заяа, амьдралыг нь зөв зааж чиглүүлж ирсний ач тус. Аав маань “Миний охин бүжигчин болох гэж байгаа хүн  гутлаа чирэхгүй, эрүүгээ өргөөд явдаг юм”  гээд миний гараас хөтлөөд бүжгийн сургууль руу явдаг байсныг  тод санадаг. Одоо бодоход  миний анхны багш аав минь байсан гэж боддог. Богинохон жилийн настай бүжгийн урлагт заавал гоцолж бүжиглээрэй. Дан ганц бүжиглэх биш дэглэх, найруулах, удирдах чиглэлээр мэргэших зам мөрийг аав маань хэлж зааж сургаж ирсэн” гэсэн юм.

Бага ангидаа үсээ толийтол самначихаад баян хуур тоглодог 49-дүгээр сургуулийн дуу хөгжмийн Бямбаа багшийгаа харсаар урлагт дурласан балчир охин сургуулийнхаа урлагийн үзлэгт оролцож,  Хүүхдийн ордон, Хараацай чуулга гээд энд тэндхийн дугуйланд их явдаг байжээ. Заримдаа дүү нараа харах ажилтай учраас дугуйлангаа тасалчихаад багшаасаа эмээгээд орж чадахгүй хаалганы гадаа зогсдог үе  байж. Гэртээ ирээд мебель шкабныхаа өмнө баахан эргэлдэнэ. Хүсэл сонирхолдоо автан хорооныхоо Улаанбулангийн тайзан дээр бүжиглэж, пааран дээр нь сунгалт хийж явсан удаатай. Ингэж л бүжгийн урлагийг сонирхож өөрийгөө сорьж эхэлснээр анх зургадугаар ангидаа бүжгийн төрлөөр хүрэл медаль авсан нь бүжигчин болохыг зөгнөсөн дохио байсан юм болов уу гэж бодож явдаг гэнэ. Энэ талаар “Анхны хүүхдийн Яргуй наадамд оролцохоор болсон. Гэтэл бүжгийн уралдаанд нь ормоор санагдаад болж өгдөггүй. Хувцас байхгүй болохоор нь өрөөнийхөө эгчийн гоё хувцсыг гуйж өмсөөд ортол шалгарчихсан. Гэтэл тайзан дээр ард зогч байсан охин чи яагаад өмнөх хөдөлгөөнөө хийхгүй өөр хөдөлгөөн хийгээд байгаа юм гэсэн. Тухайн  үед ямар хөдөлгөөн хийснээ мэдээгүй.  Магадгүй энэ үе бүжиг дэглээч болох замыг маань зааж өгсөн юм болов уу гэж боддог” гэсэн юм.

Соёлын сургуулийн бүжгийн ангид хоёр жил суралцахдаа  Дэлгэрцэцэг, Ч.Дамжинжав, Б.Лхасүрэн гээд олон сайхан багшаас  их зүйл сурчээ. Мөн оюутан байхдаа “Хойд эцэг”  кинонд дүр бүтээж байсан үе ч бий. Соёлын сургуулийг төгсөөд Түмэн эх чуулгад гавъяат жүжигчин Ц.Чимэдцэрэн багшийн удирдлагад бүжигчнээр орсноор бүжгийн багш,  дэглээч, уран сайхны удирдагч хүртэл 17 жил ажилласан байна. Энэ тухайгаа  “Үзэгчид тайзанд их ойр учраас  инээхэд шүд, гутлын өсгий, хувцасны оёдол, ээмэг, зүүлт гээд бүгд алган дээр тавьсан мэт ил байдаг болохоор маш өндөр шаардлага тавьдаг. Их сайхан хамт олон дунд ажиллаж байхдаа Ц.Сэвжид багшийн нэрэмжит мэргэжлийн бүжигчдийн уралдаануудаас тэргүүн байр эзэлж, Гоо марал уралдааны шилдэг бүжгийн шагнал авч байсан дурсамжтай жилүүд бий. Цаг наргүй урлагийн амьдралд халуун дулаан гэр бүл маш чухал. Бүхий л үед гэр бүл хань, хадам ээж аав гээд маш сайхан хүмүүс дэмжиж тусалж ирсэн” гэв.


 


“МОНГОЛЫН БҮЖИГ ДУНДАРШГҮЙ АРВИН БАЯЛАГ, ГАЙХАЛТАЙ ӨВ СОЁЛТОЙ”

 

-Тэрээр 1996-2000 онд СУИС-ийн Бүжиг дэглээчийн ангийг төгсчээ.  Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Алтанцэцэг, гавьяат жүжигчин Д.Нанжид, дэглэн найруулах ур чадвараар орчин үеийн бүжгийн мэргэжлээр мэргэшсэн Х.Гансүрэн багш нарын ур чадвар, школийг авч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг. Тэр дунд Д.Энхгэрэл гэдэг хүн бүжгийн ийм л чиг хандлагыг авах ёстой гэдэг зүйлийг Бүжгийн урлагийн сургуулиас олж авсан гэдэг. Тэрээр ярианыхаа дунд байсхийгээд багш нараа дурсана. “Дэглэх арга барилыг Х.Гансүрэн, Д.Нанжид багшаас сурсан. Д.Нанжид багшийг монгол бүжиг заахаар жаахан зайтай зогсч нүдэндээ хөдөлгөөнийг нь бичиж аваад давтана. Тэр гайхамшигт өвөөс их зүйл сурсан. Харин Х.Гансүрэн багш хөгжмийг олон сонсгодоггүй” хэмээн дурссан юм.



 

Мөн 2005 онд Х.Гансүрэн багштайгаа АНУ-д  орчин үеийн бүжгийн сургалтад хамрагдахдаа  өөрийгөө дахин шинээр нээсэн гэнэ. Сургалтад суухаас өмнө өөртөө жаахан эргэлздэг байсан бол олон гадаад багш нараар хичээл заалгаад Монголын бүжиг дундаршгүй арвин баялаг, гайхалтай өв соёлтой учраас өөрийгөө чамлаж болохгүй гэдгийг ойлгож мэджээ. Америкаас ирээд багштайгаа хамт “IQ2” нэртэй анхны бүжгэн жүжгийг  2006 онд тавьснаас хойш Д.Энхгэрэл гэдэг хүний  шинэлэг, цор ганц бүтээлүүдийг ар араас нь гаргаж, тэр болгондоо бүжиг дэглээч, бүжгийн найруулагч “Даш-Яйчилийн Энхгэрэл” гэсэн тамгаа дарсаар иржээ. Мөн Монголын бүжгийн урлагийн түүхэнд гялалзаж явсан модерн бүжгийн анхны “New dance” хамтлагт байхдаа ямар ч бүжгийг тайзнаа жинхэнэ намба, дүрээр нь амилуулж чаддаг бүжигчнээс гадна, дэглэх ур чадварыг өндөр хэмжээнд өвлөсөн шинэ үеийн чадварлаг уран бүтээлч хэмээн үнэлүүлж явсан нэгэн. Тэрээр Түмэн эх чуулгад ажилласны дараа Х.Гансүрэн багштайгаа хамт “Өв эрдэнэ” шавь сургалтын төвийг нээн жил гаруй ажиллаж байтал  2011 онд Улаанбаатар чуулгад гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс урьснаар бүжиг дэглээчээр ажиллаж эхэлжээ. Түүнийг урихдаа Бүжиг ангийг өөрийн өнгө төрх, бодлого чиглэлээр удирдах  эрхийг өгснөөр өнөөгийн баг хамт олныг бүрдүүлсэн түүхтэй. Улаанбаатар чуулгынхан төрийн айлчлал, жил бүр болдог язгуур урлагийн хамтлагийн нэгдсэн тоглолтод байнга оролцдог нь салбартаа бүжигчдийн үнэлгээ, чансаа хэр гэдгийг харж болохоор. Д.Энхгэрэл гавьяат “Залуу үеэ сайн дэмжих ёстой. Улаанбаатар чуулгад бүжиг анги бий болно гэдэг нь ажлын байр бий болж байна. Бүжигчдийн ирээдүйн зорилго амьдралын баталгаа сайжирна.  Гэтэл зарим соёл урлагийн байгууллагуудыг татан буулгаж байгаа нь буруу.

Би  2014 оноос СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуульд багшаар ажиллаж эхэлсэн. Сургалтын  байгууллагад очоод дахиад л шинэ зүйлтэй тулсан. Мэргэжлийн хүмүүстэй ажиллах, юугаа ч мэдэхгүй оюутнуудтай ажиллах огт өөр. Багш нарын хөдөлмөр агуу гэдгийг мэдэрсэн. Өөрөө  ч гэсэн давхар суралцаж байна” гэлээ.

Д.Энхгэрэл эцэг эхээс олуулаа. Ах, эгч дүү нар нь машинист, эмч, кино найруулагч, инженер, хөгжимчин гээд салбартаа үр бүтээлтэй ажиллаж буй. Тэдэн дундаас дүү Д.Баярт  нь бүжигчин, бүжиг дэглээч. Түүний эхнэр нь Д.Энхгэрэлийн гарын шавь бүжигчин Б.Норовбанзад гэнэ. Дүү бэр хоёртойгоо 2010 онд “Цэцэглэж буй ороогоно” тоглолтыг Хүүхдийн театрт  хийж  байжээ. Харин түүний хань морин хуурч Д.Болор-Эрдэнэ бизнесийн салбарт хөл тавьжээ. Урлагийн гэр бүлээс мөн л урлагийнхан төрөн гардгийн  жишээ нь тэдний том охин СУИС-ийн жүжигчний ангид, бага охин нь Хөгжим бүжгийн коллежийн балетын ангид суралцдаг аж.
 

ГОЁ АЯЛГУУ СОНСОХООР БҮЖГИЙН ХӨДӨЛГӨӨН НҮДНИЙ ӨМНҮҮР КИНО ШИГ ҮЗЭГДДЭГ


-Бидний яриа бүжгийн урлагийн талаар үргэлжлэв. Зочны тодорхойлсноор Бүжгийн урлаг богино хугацаанд гал шиг асаад өнгөрдөг гайхалтай хэрнээ хатуу чанга,  тухайн хүнээ сорьсон агуу урлаг аж. Мөн бүжгийн ач тус хязгааргүй. Тэр дундаас “Бүжиг бол эрүүл байхын үндэс. Хүн махан биеийг зовоож байх юм бол амьдралдаа туулах ёстой зовлонгоо туулж байдаг гэсэн үг бий. Тиймээс хүнд аль болох тусалж байх хэрэгтэй. Биеэ зовоож хөлсөө дуслуулдаг хүмүүсийн хандлага зөв байдаг. Бүжгийн урлаг оюуны хөдөлмөр. Тархи дандаа ажилладаг учраас бүжгийн багш дэглээч нар бүжигчинтэй адилхан ачаалал авдаг. Заримдаа илүү их ядардаг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Бүжгийн урлаг боловсролын салбарт онцгой байр эзэлдэг гэж би боддог. Одоогийн хүүхдүүд баруун зүүнээ мэдэхгүй, доошоо тонгойгоод өвдөгөө нугалахгүйгээр гарынхаа алгыг хүргэж чадахгүй байна. Гэтэл урд хойд хөршид  сургуулиараа бүжиглэж байна. Тэр хэрээрээ бүжиг шаргуу, тэвчээртэй байх хөдөлмөрч байдлыг суулгадаг. Хоёулаа бүжиглэхэд нэгийгээ хүндлээд сурчихдаг. Хувийн зохион байгуулалт харилцааны соёлыг бий болгох гээд олон зүйлийг бүжгийн урлаг суулгадаг. Баяр баясгалангийн хамгийн дээд нь дуу хуур бүжиг наадам юм.  Аль ч салбарт хүн үр бүтээлтэй ажиллахын гол зүйл бол хүсэл сонирхол баяр баясал юм байна. Тэгж байж гүйцэтгэл бүрэн дүүрэн болно. Нийгмийн сайн сайхныг түгээдэг учраас соёл урлаг бүхний түрүүнд байх ёстой. Олон сайхан бүхнийг зөвтгөж чаддаг өр нимгэн сайхан зүйл бол бүжиг. Зүйрлүүлж хэлбэл ээж хүн. Ээж хүн хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн. Ялангуяа бүжгийн сунгалтнууд тэвчээр, хатуужил их шаарддаг” гэсэн юм.

Д.Энхгэрэл гэдэг хүний амьдралд бүжиг бол юугаар ч сольшгүй гайхалтай, үнэ цэнэтэй зүйл аж. Тэрээр сургуулилтаа хийгээд тайзан дээр гарахдаа асар их баяр баяслыг мэдэрдэг. Түүнээс бүжгээ дэглэхэд ямар мэдрэмж төрдөг вэ гэхэд “Яг тухайн  агшин их чухал. Маш гоё аялгуу сонсох юмуу сэтгэл хөдөлсөн үед  бүжгийн хөдөлгөөн нүдний өмнө кино шиг үзэгдээд ирдэг. Тэр агшнаа алдахгүй  бариад авчих юм бол аяндаа цаашаа урсаад явчихдаг. Бүжиг дэглэж байх үедээ ардаа гарын шавиа байлгах их дуртай. Тухайн үедээ хийсэн хөдөлгөөнөө мэддэггүй учраас яаж хөдөлсөн гэдгээ асууж байгаад цааш нь дэглэдэг” гэсэн юм.
 

“ГОЁ МОНГОЛ ТӨРХ НАМБАТАЙ БҮЖИГ АЛГА БОЛЧИХОЖ”


Тэрээр Монголын бүжгийн урлагийн ирээдүйг сайхнаар төсөөлж, дэлхийд гайхуулах цаг мөч ойрхон байгаа гэж боддог аж. Монгол бүжгээ дэлхийд гайхуулахын тулд юуны түрүүнд хүүхдийг  монгол ахуйд сургах хэрэгтэй. Мөн бүжгийн урлагийг дэмжиж, авьяастай хүүхдүүдийг гаргаж ирээд бодлогоор дэмжээд өгөх хэрэгтэй гэнэ. Бүжгийн урлагийн хөгжлийн талаар “Дон кихотоос эхлээд үндэсний бүжгийг дэлхийн хэмжээнд хүртэл хөгжүүлсэн балетууд бий. Хүн бүр дор бүрнээ хариуцлагатай байх ёстой. Нэг үеийг бодоход бүжгийн урлаг маш сайн хөгжиж байгаа гэж боддог. Гэхдээ алдагдсан зүйл ч бий. Манай Д.Нанжид багш “Яг гоё монгол төрх намбатай бүжиг алга болчихож” гэж байсан. Нийгмээ дагаад жаахан хурдтай юманд дуртай болсон байна. Монгол өнгө төрхтэй, монгол хэлбэрээ хадгалсан бүжиг дэлхийд гарч ирж байна. Гадаадад  эх орноо сурталчлан таниулахад манай монгол бүжиг онцгой байр суурь эзэлдэг. Тэрдундаа Баярбаатар, Сүхээ багшийн монгол зан байдлыг харуулсан бүжгүүд маш сайхан. Судалгаанд суурилсан бүжгүүд байх ёстой. Манай СУИС Тэнгэрийн хүүхдүүдийн  бүжиг төслийг 2015-2016 онд санаачлаад анхных нь Хөмөргөн гурвалжин этно модерн бүжгэн жүжгийг би тавьсан. Тамганы бүжиг, Босоо цагаан гурвалжин бүжиг гээд үргэлжилж байна. Дулам багшийн судалгаан дээр суурилсан эртний хадны бичгийн дохиог  тайлж уншсан бүтээлүүд бий” гэсэн юм. 

Монголдоо төдийгүй дэлхийн язгуур урлагийн наадмаас гранпри шагнал хүртсэн  бүжгийн урлагийн томоохон төлөөлөл Д.Энхгэрэл гавъяатын бүжиглэсэн, дэглэсэн,найруулсан уран бүтээлүүдээс сүүлийн цөөн хэдийг дурьдвал  “Хаданд амилсан тамга“, “Ариун хаврын тахилга”, “Бөртэ чоно”, “Хөмрөгөн гурвалжин” зэргээр хэдэн зуугаар тоологдох урт жагсаалт гарна. Тэрээр уран бүтээлийнхээ жагсаалтыг саяхнаас төрөлжүүлэн тэмдэглэж эхэлжээ. “Цаашид хамтрагчидтайгаа олон сайхан уран бүтээл хийх их урам зоригийг авлаа. Бүжгийн урлаг хүссэн хүсээгүй цаг нь болохоор тайзнаас өөрөө буулгадаг. Д.Нанжид багш шигээ 80 нас хүртлээ язгуур урлагаа биелэх юмсан гэсэн нууцхан хүсэлдээ хөтлөгдөн бүжигчдээсээ дутахааргүй дасгал сургуулилт хийх юмсан гэж хичээж байна” гэсэн юм.

Ийнхүү бүжгийн урлагт зүрх сэтгэлээ бүрэн дүүрэн зориулсаар ирсэн түүний амьдралын нэгээхэн хэсэг ийн буюу.

Зууны мэдээ
С.Уянга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.