Чөлөөтийн охид багаараа гуравдугаар байрт шалгарав
Тайландын нийслэл Бангкокт болж буй өсвөр үеийн Азийн АШТ-ий хоёр дахь өдөр Монголын өсвөрийн бөхчүүд бүгд медалийн төлөө барилдсан хэдий ч гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.

Охидын 46 кг-ын жинд өсвөр үеийн улсын хошой аварга, Баянхонгор аймгийн тамирчин Түмэнбаярын Цээням, 52 кг-д өсвөр үеийн улсын гурван удаагийн аварга Баянхонгор аймгийн тамирчин Болдсайханы Хонгорзул, 60 кг-д 2015 оны Азийн АШТ-ий хүрэл медальт, улсын хошой аварга Чингэлтэй дүүргийн тамирчин Нандинцэцэгийн Анударь мөнгө, мөнгөн медаль хүртэв.

Н.Анударь БНХАУ-ын бөхөд оноогоор цэвэр ялагдсан бол Баянхонгор аймгийн охид шигшээ барилдаанд эмэгтэй чөлөөт бөхөөр дэлхийд тэргүүлэгч гүрэн Японы охидтой өгөө аваатай өрсөлдөж дийлдсэн. Өчигдөр охидын 56 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Ө.Пүрэвсүрэн алтан медаль хүртсэн.

Бангкокт хонгор нутгаас гурван охин зодоглож бүгд шигшээ барилдаанд барилдсан нь Баянхонгор аймгийн спорт хорооны дасгалжуулагч Совдын Мөнхдуулдахтай салшгүй холбоотой. Түүний унаган шавь нар нь сүүлийн жилүүдэд өсвөр үеийн охидын ангилалд цахиур хагалж, дотооддоо илт давамгайлах болсон юм. Охидын 40 кг-д энэ жилийн улсын аварга Архангай аймгийн тамирчин Баатархүүгийн Хонгорзул, хөвгүүдийн 50 кг-д өсвөр үеийн улсын хошой аварга Дархан-Уул аймгийн “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Нармандахын Наранхүү нар хүрэл медаль хүртлээ.

Монголын охид Азийн АШТ-д есүүлээ барилдаж нэг алт, гурван мөнгө, гурван хүрэл, нийт долоон медальтай 73 оноотой багийн дүнгээр гуравдугаар байрт орсон амжилттай нутагтаа ирэхээр болж байна. Охидын багийн дүнг Япон 94 оноотой тасархай тэргүүлж, Энэтхэг улс 78 оноотой удаалав. 40 кг-ын жинд Г.Оюундарь (Архангай) өчигдөр, 70 кг-д Ц.Хулан (Сэлэнгэ) өнөөдөр хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсан.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.