“Автобус 3” компани хаалгаа барихгүй, гэхдээ нэгтгэл, шинэтгэл хийгдэнэ
Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг “Автобус 3” компани хаалгаа барих гэж байгаа талаарх мэдээлэл өнгөрсөн долоо хоногоос гарч эхэлсэн. Хэрэв хаалгаа баривал ажилтнуудаа цомхотгож, тээврийн хэрэгсэлүүдээ “Автобус 1”, “Цахилгаан тээвэр” зэрэг компаниудад хуваарилж өгч магадгүй гэх яриа гарсан бөгөөд энэ яриаг тус компанийн зарим нэгэн ажилтан ч үгүйсгэхгүй байлаа.
Мөн “Автобус 3” компанийн эзэмшлийн талбайд нэгэн компани орон сууцны барилга барихаар хашаагаа хатгаж, үйл ажиллагаагаа эхэлсэн. Энэ нь тус компанийн дампуурлын дохио ч байж мэднэ гэх үгс чих дэлсэх болов.
 
Ингээд ямар учраас уг яриа гарах болов, юунаас үүдэлтэй вэ, “Автобус 3” компани үнэхээр дампуурах гэж байна уу, эсвэл цуурхал уу гэдгийг сурвалжлахаар “Автобус 3” компанийг зорилоо.

/"Автобус 3" компанийн эзэмшилрүү орох хаалга: Саарал чингэлгээс баруун гар тийш байх талбайд барилгын ажил эхэлжээ/

Компанийн том хашааны хаалгаар ороход үүдний хаалгаас холгүйхэн хашаа хатгаж, томоос том нүх ухсан байлаа. Яг л барилга барих гээд газар шорооны ажлаа эхэлсэн аятай байв.Үнэхээр тус компанийн эзэмшлийн талбайд барилга барих гэж байгаа нь тодорхой байв.
 
Ингээд Нийслэлийн өмчит компанийн байранд нэлээд том хэмжээний газарт хашаа хатгаж газар шорооны ажил эхэлсэн байсан тул тэнд ажиллах нэгэн ажилтнаас тодруулга авлаа. Өөрийгөө тус барилгын ажлын инженер хэмээн танилцуулсан тэрбээр “Ганган инвест компаниорон сууцны барилга барих гэж баына. Саяхан ажлаа эхлүүлсэн. 15 давхар орон сууц барина. Газрын тухайд “Автобус 3” компани энэ газраа  банкинд тавиад алдчихсан юм гэсэн” хэмээн ярилаа.

  Юутай ч газрын асуудал нь ийм учиртай юм байж. Ингээд дотогш орж,Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Бүтэмжээс дээрх асуудлыг тодрууллаа.

-“Автобус 3”компанийн үйл ажиллагаа доголдож хаалгаа барих гэж байна гэх яриа гарах боллоо. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?
-Нийтийн тээврийн салбар гэдэг өөрөө их эмзэг салбар. Ямар ч байсан манай компанийн үйл ажиллагаа доголдсон асуудал байхгүй. Урьдын адил хэвийн л явж байна. Автобус, жолооч нар мааньтээвэрт гардгаараа гарч байна. Манайхыг хаалгаа барих гэж байна гэх яриа хаанаас гарсныг мэдэхгүй. Ямар ч байсан ташаа мэдээлэл болохыг хэлье.

-Гэхдээ танайхыг хаалгаа барьж,  “Автобус 1” болон “Цахилгаан тээвэр” компанид автобусуудаа шилжүүлэхээр болсон гэх мэдээлэл гарсан байсан?
-Тийм юм байхгүй. Манай компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Харин цаашид нийтийн тээврийнхэн нэгтгэл болж, шинэтгэл хийгдэнэ гэдэг тодорхой байгаа. Гэхдээ яг яаж энэ нэгтгэл хийгдэх вэ гэдэг талаар ямар ч мэдээлэл алга байна. Энэ дөнгөж яригдаж байгаа асуудал.


/10 жилийн өмнө авсан банкны зээлэндээ энэ газрыг алдаж, одоо "Гангар инвест"-ийнхан барилгын ажлыг эхлүүлж буй талбай/

-Танай компанийн талбайн үүд хавицаа барилга баригдах гээд ажил нь эхэлчихээд байгааг харлаа. Үүнээс болоод ийм яриа гарсан байх магадлалтай хэмээн танай ажилтан ярьсан шүү дээ?
-Манай компанийн талбай дээр баригдаж байгаа барилга, үүнтэй холбоотой асуудал одоогоос 10 жилийн өмнөөс эхлэлтэй юм.Миний мэдэж байгаагаар 2004 онд хуучин удирдлагуудын үед ард талын заалны барилга байсан талбайг “Капитрон“ банкинд барьцаалаад зээл авсан юм билээ. Тэгээд зээлээ төлж чадахгүй болоод тухайн үеийн хотын даргын захирамж, мөн дараа нь хотын дарга Э.Бат-Үүлийн  захирамж гарч, энэ жилээс барилгын ажил нь эхэлсэн нв энэ.  Түүнээс биш бид газраа зарчихсан юм байхгүй.

Бид “Капитрон” банкныхантай нэлээд сайн ярилцсаны үндсэн дээр орц, гарцны асуудлыг гаргахаар болсон. Ямарч байсан автобус явах гарцаа гаргуулна. Бид өмнө нь ажлаа яаж явуулж байсан түүгээрээ л явна. Автобусууд өглөө гардгаараа гарна. Үйлчилгээнд явгаараа явна” гэх хариултыг өгсөн юм.

Тэгэхээр “Автобус 3” нийслэлийн өмчит компанийн үйл ажиллагаа доголдсон, хаалгаа барина гэдэг нь ташаа мэдээлэл ажээ.
Дашрамд дуулгахад, тус компани нь 450-аад ажилчинтай, 80 автобустай. Үүнээс170-аад нь жолооч. Жолооч нар нь  2 ээлжээр үйлчилгээнд гардаг.


Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine