Ц.Элбэгдорж: Миний Монголын ирээдүй итгэлтэй, өнгөлөг байна

Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслол Сүхбаатарын талбайд өнөөдөр боллоо. Хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, иргэдийн төлөөлөл оролцсон юм.

Ёслолын арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ:

Эрхэм хүндэт ард, иргэд ээ!

Эрхэм генерал, офицер, ахлагч, сонсогч, түрүүч, байлдагч нар аа!

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө!

Та бүхэнд Монгол Улсын Төрийн далбааны өдрийн мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Тэнгэр язгуурт Монгол түмэн минь 2220 гаруй жилийн тэртээгээс төрт улсаа үүсгэн байгуулж, гал голомтоо бадраан; төр, цэргийн их туг сүлдээ мандуулж, эр зориг, эрч хүчийг олж, эх орноо хамгаалан тэмцэж ирсэн түүхэн уламжлалтай.

Өвөг дээдсийн үеэс туг сүлд нь исгэрэх сумных нь зэв, эрэмгий хүлгийнх нь хурд, эрслэн тэмцэх цэргийнх нь сүр хүч, элгэн садных нь эв нэгдэл, эрхэмсэг орших төрийнх нь хүч чадал, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг байж ирсэн.

Их эзэн Чингис хаан монгол туургатныг нэгтгэн Их Монгол улсаа байгуулсны дараа төрийн Есөн хөлт Цагаан туг, Цэргийн дөрвөн хөлт  Хар сүлдээ бүтээн залсан. Цагаан туг нь төрийн сүр хүч, цог золбоо, энх амгаланг бэлгэдэн мандаж байдаг. Хар сүлд нь цэргийн сүр хүч, ялалт амжилтыг илэрхийлэн дөрвөн зүгийн дайсныг даран сөнөөхийн бэлгэдэл болж, Монгол цэргийн хүч чадлыг бэхжүүлж, Их Монгол Улсын нэр алдар ертөнц дахинаа цууриатахад хүргэсэн билээ.       

1992 оны шинэ Үндсэн хуулиар Монгол Улсын Төрийн далбаа нь тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг мөн болохыг тунхаглажсан.  Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон алтан соёмбот төрийн далбаагаа шинэчлэн баталгаажуулсан.

Монгол Улсын иргэдэд эх оронч үндэсний үзэл, хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор төрийн далбааны өдрийг жил бүрийн 7 дугаар сарын 10-нд тэмдэглэж байхаар 2009 онд зарлиг гаргаж, хуульчилж, баярын энэхүү өдөр Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангиудын цэргийн ёслолын жагсаал хийдэг сайхан уламжлалтай болсон билээ.

Монгол хүн бүр үеийн үед Монгол Эх орон, эрх чөлөөт байдал, Монголынхоо түүх уламжлал, гайхамшигт соёлоороо, хийж бүтээж байгаа өөдрөг бүхнээрээ бахархаж явах болно. Тусгаар тогтнол минь бат, туг сүлд минь цэх байна. Эрх чөлөөний хүч өөдөө, эрхэм түмний маань үйлс дэлгэр байнаа. Ард түмнийхээ хүч, дэмжлэг, ухаанаар жигүүрлэсэн миний Монголын ирээдүй итгэлтэй, өнгөлөг байгаа.

Монгол Улс үүрд бадран хөгжиж, Монголын ард түмэн мөнх оршиж, алтан соёмбот Төрийн далбаа эгнэгт мандах болтугай. 

Монгол цэргийн цог хийморь улам бадартугай.

Ураа дайчид аа! гэлээ.

Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчин, хил хамгаалах, цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2000 гаруй алба хаагчид оролцлоо. Жагсаалыг Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Р.Сүхбат командлан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржид илтгэл өргөв.

Ёслолын үйл ажиллагааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж нийт хандан “Албаа сайн хааж хичээнгүйлэн зүтгээрэй” хэмээлээ. Үүний дараа тэрээр Төрийн цэргийн удирдах бүрэлдэхүүнтэй мэндчиллээ.

President.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хн 2017-07-10 08:23:25
    Зураг дээрээс харвал М.Энколд, Эби хоёр өмд баатрууд. ...
    149.254.57.43
    Мэдэгдсэн Хариулах