Автомашины тусгай зөвшөөрөл наадмын талбайн аль хэсэгт үйлчлэх вэ

Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах чиг үүрэг бүхий нийт 720 орчим алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.

Улсын их баяр наадмаар автомашины тусгай зөвшөөрөл “А”, “ДК”, “Ж”, “Г”, “Ү”, “Улаан-М”, “Цэнхэр М” гэсэн долоон төрлийн зөвшөөрлүүд олгогдоно. Эдгээр зөвшөөрлийг долдугаар сарын 08-09-ний өдрүүдэд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл экспо”, “Оргил-6 буудал” төвүүд дэх салбаруудаар худалдах юм.

Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг дахь авто зогсоолын талбайн хэмжээгээр тээврийн хэрэгслийн зөвшөөрлүүд олгогддог бөгөөд хөдөлгөөнд оролцогч та бүхэн авсан зөвшөөрөл дээрх маршрутанд заагдсан зураглалын дагуу хөдөлгөөнд оролцож тээврийн хэрэгслээ зогсоолд байрлуулах ёстой.

Төв цэнгэлдэх хүрээлэнд:
 
  • “А” “ДК” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах шинээр баригдсан 6 давхар автомашины зогсоолд байрлана. Тус авто зогсоол нь 3,4,5,6 давхаруудад тээврийн хэрэгслийн зогсоолтой.
  • “Г”, “Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Нийслэлийн гудамж буюу Хурд хорооллын урд талд байрлах “СУРУГА МОНГОЛ” ХХК-ийн автомашины зогсоолд байрлана.
  • “Ж” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Гандийн гудамж буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн чанх хойно байрлах “Говийн Од” ХХК-ийн автомашины зогсоолд байрлах аж.







Харин Хүй долоо худагт нийт 7000 автомашин байрлуулах бөгөөд үүнээс “Ж”, “А”, “ДК”, Улаан “М”, Цэнхэр “М, “Ү”, “Г”,” зөвшөөрөлтэй автомашин тус тус байрлуулах бүрэн боломжтой.
 

  • “Ж”, “А”, “ДК”, Улаан “М” зөвшөөрөлтэй автомашинууд Хүй долоо худаг явах замаар явж тэмдэг бүхий 2 дахь уулзвараар баруун гар тийш эргэж тус тусын тэмдэг, тэмдэглэл бүхий үйлчилгээний тойргийн баруун урд байрлах авто зогсоолд байрлуулна.
  • “Г”, цэнхэр “М”, “Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэлүүд Хүй долоо худаг явах замаар явж тэмдэг бүхий эхний уулзвараар баруун гар тийш эргэж тус тусын тэмдэг, тэмдэглэл бүхий үйлчилгээний тойргийн зүүн талд байрлах авто зогсоолд байрлуулна.
 

Улаан, цэнхэр өнгө бүхий “М” зөвшөөрлүүд нь зөвхөн Хүй долоо худагт үйлчлэх бөгөөд “Ж”, “ДК”, “А”, “Ү”, “Г” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд нь Хүй долоо худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд очих боломжтой гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.



 

Бусдад түгээх
  • gplus