Хүүхдийн мөнгөө авсан иргэд сэтгэл хангалуун байна
Өчигдрөөс 0-18 насны бүх хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгож эхэлсэн. Хүүхдийн мөнгөний нөхөн олголт ямар хэрхэн явж байгаа талаар XIII хорооллын ХААН банкны теллерээс тодруулахад “Эхнээсээ эцэг эхчүүд хүүхдийн мөнгөө аваад эхэлчихсэн. Ихэнхдээ эцэг, эхчүүд хүүхдийнхээ хадгаламжийн данс болон өөрсдийн дансандаа хүүхдийн мөнгөө холбуулсан байдаг учир шууд дансанд нь шилжин орж байгаа” гэлээ.

Иргэд Засгийн газраас гаргасан дээрх шийдвэрийн талархан хүлээн авч байна. Ингээд иргэний байр суурийг хүргэе.
 
Э.Баярсайхан: Хүүхдийн мөнгийг ялгалгүй бүгдэд нь өгч эхэлсэнд талархаж байна


 
-Хүүхдийн мөнгийг ялгаваргүй бүгдэд нь өгч эхэлсэнд талархаж байна. Энэ бол маш зөв шийдвэр. Манай гурван хүүхдийн маань хүүхдүүдийг энэ мөнгөнөөс хасчихсан байсан. Гэтэл нөхөн олгож эхэлсэнд хүүхдүүд сэтгэл өндөр байсан. Адаглаад улсын баяр наадам болж байхад хүүхдүүдээ баярлуулах мөнгөтэй болсон. Ер нь хүүхдийн мөнгөөр хоолоо залгуулж байгаа айлууд их  байна. Монгол Ардын нам, Засгийн газар энэ шийдвэрээ цаашид үргэлжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. 
 
Н.Нэргүй: Бага гэлтгүй хүүхдийн мөнгө айл  өрхөд дэмтэй



-Мэдээж хүүхэд бүр улсаас өгч байгаа мөнгийг авахыг хүсч байгаа. Өмнө манай хүүхдүүд хүүхдийн мөнгө авдаг байхад их дэм болдог байсан. Одоо хүүхдийн хүүхдүүд аваад эхэлсэн. Бага гэлтгүй хүүхдийн мөнгө айл  өрхөд дэмтэй байдаг. Тиймээс ийм шийдвэр гаргасан төр засагтаа баярлаж байна. 
 
И.Цогзолмаа: Сар бүр хүлээдэг мөнгө шүү дээ



-Хүүхдийн мөнгийг ялгалгүй олгож байгаад баяртай байна. Би гурван хүүхэдтэй. Амьжиргааны төвшний судалгаагаар хасагдсан байсан. 2019 онд авах юм байна гэж бодож байсан чинь өнөөдрөөс дансанд орсон гэж найзаасаа сая сонслоо. Хүүхдийн мөнгө амьдралд их дэм болдог. Миний хувьд бага хүүхдийнхээ памперсны сарын хэрэглээнд зориулдаг байсан. Сургуулийн хүүхдийн дэвтэр ойр зуурын мөнгө гээд олон зүйлд зарцуулдаг. Ер нь эцэг, эхчүүд сар бүр яг л хүлээдэг шүү дээ.
 
П.Ариун-Эрдэнэ: Засгийн газрын шийдвэрт сэтгэл хангалуун байна



-Хүүхдийн мөнгө өнөөдрөөс орж эхэлсэн гэсэн. Хүүхдүүдийн  дансанд орж байгаа байх. Манайх дөрвөн хүүхэдтэй. Хүүхдийнхээ мөнгийг хадгаламжинд нь хийчихдэг. Энэ мөнгө хүүхдүүдийн ирээдүйд их нэмэр болно гэж бодож хуримтлал үүсгэдэг. Бид өөрсдөө цалингаасаа илүүчилж хүүхэддээ хуримтлал бий болгоход амаргүй. Тиймээс Засгийн газрын шийдвэрт сэтгэл хангалуун байна.
 
н.Номин: Төрийн тэтгэмж бодит дэмжлэг болж чадна



-Засгийн газрын хуралдаанаар нэлээд олон нааштай шийдвэр гарсан талаар фэйсбүүкээс харсан. “Эрдэнэт үйлдвэр”-ээс хувьцаа эзэмших, хүүхдийн мөнгө гээд иргэдэд хэрэгтэй олон шийдвэр гарсан байна лээ. Би нэг хүүхэдтэй. Тиймээс хүүхдийнхээ нэр дээр хадгаламж нээлгэж хуримтлал үүсгэдэг. Ер нь олон хүүхэдтэй айлд төрөөс үзүүлж байгаа энэ тэтгэмж бодит дэмжлэг болж чадна гэж үздэг.
 
Л.Чимэдцэрэн: Хүүхдийн мөнгийг  ялгалгүй олгох хэрэгтэй



-Манай зээ нар хүүхдийн мөнгө авдаг байсан. Хүүхдүүдэд нэлээд нэмэртэй юм шиг байна лээ. Эх орны хишиг болохоор талархан хүлээж авдаг. Хүүхдийн мөнгөөрөө хоол хүнс амьжиргаагаа залгуулдаг айл зөндөө л байгаа шүү дээ. Тиймээс хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгох хэрэгтэй.
 
Ч.Сэлэнгэ: Боломжгүй айлуудын хувьд 20 мянган төгрөг их мөнгө



-Ард  иргэдийн амьдрал ямар байгаа билээ. Хүүхдүүддээ өгч л байсан нь дээр л дээ. Энэ мөнгө хүүхдүүдэд их бага ч гэсэн нөлөөлж байна. Миний хувьд хүүхдүүдийнхээ хэрэгцээтэй зүйлд зарцуулдаг. 20 мянган төгрөг цагаа тулахаар их мөнгө шүү дээ. Яахав боломжтой ажлын хувьд нэг их мэдрэхгүй байх. Харин боломжгүй айлуудын хувьд 20 мянган төгрөг их мөнгө.
 
Н.Энхболд: Хүн бүхэн л ам сайтай байна


-Хүүхдэд маш их хэрэгцээтэй мөнгө шүү дээ. Ийм шийдвэр гаргасан нь сайн байна. Хүн бүхэн л ам сайтай байна шүү дээ. Манай хувьд цэцэрлэг ховор болохоор хүүхдээ хувийн цэцэрлэгт явуулдаг. Сард 70 мянган төгрөг өгдөг. Өмнө нь хүүхдийн мөнгө авдаг байхад их л нэмэртэй байлаа. Манайх гурван хүүхэдтэй. Эхнэр бид хоёр хоёулаа төрийн албан хаагч болохоор болоод л байдаг. Харин манай дүү гурван хүүхдээ хараад гэртэй байдаг нөхөр нь ганцаараа ажил хийдэг. Хүүхдийнхээ мөнгөөр цахилгааныхаа мөнгийг  ч болох нь ээ төлөөд ер нь иргэдийн амьдралд их нөлөөлдөг.
 
н.Одончимэг: Амьдралд сайнаар нөлөөлнө гэж итгэж байна



-Засгийн газар зөв шийдвэр гаргасныг дэмжиж байгаа. Хүүхдийн 20 мянган төгрөг иргэдийн амьдралд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Энэ чинь их мөнгө шүү дээ. Хүүхдийн мөнгөөр амьдарч байгаа олон өрх бий. Эдгээр айлын амьдралд сайнаар нөлөөлнө гэж итгэж байна.
 
Э.Цэцэг
Бусдад түгээх
  • gplus