Ц.Элбэгдорж: Энэ удаагийн саналаар сонгуулийг өндөрлөе

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн дахин санал хураалт өнөөдөр орон даяар болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн  Элбэгдорж, гэргий Хажидсүрэнгийн Болормаагийн хамтаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Орос гуравдугаар сургууль дээр байрлаж буй Ерөнхийлөгчийн сонгуулийн 1851 дүгээр хэсгийн санал авах байранд өнөөдөр 11.40 цагт ирж саналаа өглөө.

Үүний дараа тэрбээр “Ард иргэддээ саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна. Ард түмэн Ерөнхийлөгчийг сонгодог. Ерөнхийлөгч бол ард түмнээ сонгодоггүй гэдгийг хэлэх нь зөв байх. Хэн ч гарсан бай, ард түмэн Ерөнхийлөгчийг өөрчилдөг. Түүнээс биш Ерөнхийлөгч ард түмнээ өөрчилдөггүй. 

Тийм учраас саналаа өгье гэж бодож байгаа хүнийхээ төлөө, ямар нэгэн нөлөөнд автахгүйгээр манай ард иргэд саналаа идэвхтэй өгөөрэй. Энэ удаагийн сонгуулийг энэ санал хураалтаар өндөрлөе. Ажлаа хийе. Дараа дараачийн олон ажил байна.

Саналаа идэвхтэй өгөөрэй. Сайхан наадаарай. Баярлалаа” гэв.





 

Бусдад түгээх
  • gplus