А.Сүхбат: Даваа наймаалцсан бөхөд хариуцлага тооцдог болъё

Хаврын чуулганы хаалтыг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав удирдав. Учир нь хуралдааны эхэнд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болохтой холбогдуулан УИХ-ын дарга нь чуулганы хуралдааныг удирдах нь санал хураалтад нөлөөлж болох талтай гэсэн санал тавьсан юм. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Биеийн тамир спортын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.Хуулийн хэлэлцүүлгийг хийх үеэр цөөнгүй гишүүн үндэсний бөхийн барилдаантай холбоотой шүүмжлэлийг хэлж байсан юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:  


 

-Улсын цол ахихын тулд цүнхэндээ мөнгөө хийгээд явдаг байдал энэ хууль хэрэгжсэнээр байхгүй болно гэж ойлгож байгаа. Тийм учраас Эрүү болон Зөрчлийн хуульд зохих өөрчлөлт оруулах шаардлагатай.

УИХ-ын гишүүн А.Сүхбат:


 

-Бусад орон авлига авч болохгүй, өгч болохгүй, зуучилж болохгүй гэж хуульдаа тодорхой зааж өгсөн байдаг. Үндэсний спорт гажуудсанаас болж бөхийн нэр хүнд унаж залуучуудын хүмүүжилд нөлөөлж байна. Өндөр биетэй залуу жижигхэн хүүхдэд унаад өгч байна. Сумын наадам  таван сая, аймгийн наадам  50 сая, улсын начин цол авахад 500 сая гэдэг зүйлийг ард иргэд ярьдаг болжээ. Хээл хахууль авч даваа наймаалцсан бөхөд нэг ч хариуцлага тооцолгүй явж ирсэн. Спортын авлига хээл хахууль, даваа наймаалцдаг асуудалд хариуцлага тооцох тухай заалт энэ хуульд орсон уу.

БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр:

-Авлигын эсрэг хуульд  тодорхой албан тушаалтан хамаардаг учраас Спортын тухай хуульд шударга өрсөлдөх, үүрэгтэй гэж зааж өгөөд, спортын холбоодуудад  тухайн спортын тэм­цээ­ний үр дүнд нөлөөлөхүйц хэмжээнд хийсэн үйлдэл, эс үйлдэл гаргасан нөхцөлд тухайн тамирчны тэмцээнд оролцох эрхийг хасах боломжтой байхаар заалт оруулж өгсөн.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:


 

-Бөхчүүдийн давааны найрааны асуудлыг үндэсний бөхөд дархан аварга болтлоо байсан хүн хэлж байна. Хууль бус ажиллагаа хийсээр байгааг мэдсээр байж арга хэмжээ авдаггүй, хариуцлага тооцож байгаа эсэх нь тодорхойгүй явсаар ирсэн. Бодитой баримттай асуудал байхад даваа наймаалцаж болохгүй гэдэг заалтаар энэ асуудлыг аргалаад өнгөрөх нь.Үүнийг авлигын хуулиар зохицуулах шаардлагатай. Хууль хэрэгжиж эхлэхэд 300-400 хүний орон тоо нэмэх асуудалд анхаарах ёстой. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:


 

-Сургуулийн спорт заалыг байнга нээлттэй болгох асуудлыг хуульчилж өгөхгүй бол зуны амралт эхлэхээр хаачихаад яваад өгдөг. Тодорхой цагт нь зардлаа олоод авдаг, хүүхдүүд үнэгүй бэлтгэл хийх боломжоор хангаж өгөх асуудлыг хуульчилж өг. 

 БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр:

-Сургуулийн биеийн тамир спортын заалыг суралцагчиддаа төлбөртэй ашиглуулахыг хориглож байгаа. Байнга нээлттэй байлгах асуудлыг ул суурьтай авч үзэх ёстой.

Үргэлжлүүлэн Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Багш, эмч нарын цалин 2012-2016 онд нэмэгдээгүй. Тиймээс нийгмийн асуудлыг анхаарахгүй бол болохгүй гэдэг асуудлыг энэ хуулийн хүрээнд зохицуулахаар оруулж ирсэн. Багш нарын боловсролын сургалтын зардалд дөрвөн тэрбум төгрөгийг 2017 оны төсөвт суулгасан. Түүнээсээ зардал нь санхүүжигдээд явж байгаа. Тиймээс багш нарын зардлыг энэ хуульд давхар оруулах шаардлагагүй. Хуулийн төслийг боловсруулахын өмнө бид 11 мянган багш нартай хэд, хэдэн удаагийн уулзалт хийж, саналыг нь сонссон. Багш нар хууль батлагдахыг хүлээж байна” гэв.

Чуулганы үдээс хойшх хуралдааныг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж удир­дан явуулж улсын 2016 оны нэгдсэн төсвийн гүй­цэт­гэл, зээлийн хэлэл­цээ­рийн төслүүдийг хэ­лэлц­­лээ. Мөн УИХ-ын дар­га М.Энхболд чуул­ганы хуралдааныг хааж үг хэллээ.

Зууны мэдээ
С.Уянга
 

Бусдад түгээх
  • gplus