Наадмын тасалбарыг НҮНТ-ийн салбаруудаар худалдаална

Үндэсний их баяр наадмын тасалбарыг энэ сарын 8, 9-ний өдрүүдэд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил салбаруудаар худалдаалах гэж байна. Өнгөрсөн жилүүдэд Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний тасалбарын цэгээр худалдаалдаг байсан ч иргэдээс маш их гомдол ирдэг байсан юм. Иймээс энэ жил иргэдэд бухимдал чирэгдэл, урт дараалал үүсгэхгүйн тулд ийм шийдвэр гаргажээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү “Өмнө нь 2 цэгт тасалбар борлуулахад иргэд хонож дугаарлан, бухимдал маш их үүсдэг байсан. Энэ жил Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 4 салбараар худалдаалснаар иргэд өөрийн амьдарч байгаа дүүргийнхээ нутаг дэвсгэрт ойролцоо цэгээс авах боломж бүрдэнэ. Иргэдэд илүү хүртээмжтэй байна гэж бид үзэж байна. Мөн тасалбарыг дамалж худалдаалах байдал намжина гэж тооцоолсон. Цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын тоо бага. Нийслэлийн иргэд олон учраас бид иргэдэд аль болох хүртээмжтэй байхыг нь бодож өмнөх жилүүдийн адил 1 хүнд 2 тасалбар худалдаална” гэлээ.

Төв цэнгэлдэх хүрээлэн нийт 12 мянга 300 орчим суудалтай. Нийт борлуулах тасалбараас 3000 гаруй нь жуулчдад зориулсан бол үлдсэн 9000 гаруй тасалбарыг иргэдэд борлуулах юм байна.

Баяр наадмын тасалбарын үнийн хувьд 7 дугаар сарын 11, 12-ны өдрийн багц тасалбар 16-24 мянган төгрөгийн үнэтэй байх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus