Наадамд зодоглох бөхчүүдийг 9-өөс бүртгэнэ

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд хууль, дүрмийн дагуу даатгуулсан, 18-аас дээш насны хүчит 512 бөх барилдах юм. Энэ жилийн наадамд барилдах бөхчүүдийг долдугаар сарын 9, 10-ны өдрийн 10:00-18:00 цагт Монгол бөхийн өргөөнд бүртгэнэ. Уг бүртгэлд бөхчүүд хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр, иргэний болон цолны үнэмлэхээ авчирч, өөрийн биеэр бүртгүүлэх аж. Харин зарласан хугацаанд бүртгүүлээгүй бөхчүүдийг нэмж бүртгэхгүйг албаныхан мэдээлэв.

Мөн улсын баяр наадмын өсвөрийн 128 бөхийн барилдаанд барилдах 14-15 насны хөвгүүдийг долдугаар сарын 8, 9-ний өдрийн 10:00-18:00 цагт Монгол бөхийн өргөөнд бүртгэхээр болсон байна. Өсвөрийн барилдаанд 2001 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хөвгүүд барилдах юм. Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын болон Хүний хөгжлийн сангийн дэвтэр, хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөрөө тус тус авч очихыг сануулав.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus