Мүн Жэ Ин хулгайлагдсан тамгаа л эргүүлж авчрав

АНУ-д ажлын айлчлал хийсэн БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Солонгосын хойгийн дайны үед хулгайлагдсан Чусоны үеийн эзэн хааны хоёр тамгыг эх орондоо эргүүлэн авчирчээ. 16-17 дугаар зууны үед хэрэглэж байсан эдгээр тамга нь 1950-1953 оны Солонгосын хойгийн дайны жилүүдэд хулгайлагдаж, сүүлийн хэдэн жилийн турш БНСУ-ын Засгийн газар эх оронд нь эргүүлэн авчрах яриа хэлэлцээрийг хийж иржээ. Харин тус улсын шинэ Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнгөрсөн сарын 30-нд АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотноо айлчлал хийх үеэр зохион байгуулагдсан ёслолын үйл ажиллагааны үеэр хоёр тамгаа авч, өчигдөр эх орондоо эргүүлэн авчирсан байна. 

1392-1910 он хүртэл үргэлжилсэн их Чусон гүрний үеийн дээрх хоёр тамгын нэгийг нь 11 дэх үеийн эзэн хаан Чунжон гуравдугаар хатандаа зориулан 1547 онд урлуулж байжээ. Харин нөгөө тамгыг нь хаш чулуугаар хийсэн бөгөөд 1651 онд 17 дугаар үеийн хаан Хёожуныг ханхүүгээр өргөмжлөх үед урласан байна. Хоёр тамгыг БНСУ-ын Засгийн газар хулгайлагдсан гэдгийг зарласны дараа 2013 онд АНУ-ын холбогдох албаныхан илрүүлэн хураан авсан байдаг аж.

Тэгвэл АНУ гурав дахь удаагаа БНСУ-ын үнэт дурсгалыг буцаан өгч буй нь энэ ажээ. 2013 онд тус улс 19 дүгээр зууны хагаст хийсэн хамгийн анхны цаасан мөнгөн тэмдэгтийг эргүүлэн өгч байсан юм. Мөн түүний дараа жил нь Эзэнт гүрний үеийн есөн ширхэг тамгыг мөн буцаан өгч байв. 1910-1945 оны Японы түрэмгийлэл, Солонгосын хойгийн дайны үед БНСУ-ын соёлын өвийн үнэт эдлэлийг хулгайлан хил давуулах тохиолдол гарч байжээ. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин сонгуульд ялалт байгуулж, тангаргаа өргөснөөс хойш анх удаагаа АНУ-д энэ сарын 30-нд айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзсан юм.

Улмаар түүний айлчлалын ганц үр дүн нь дээрх соёлын өвийн үнэт дурсгалаа эх орондоо эргүүлэн авчирсан явдал байлаа. Харин хамгийн чухал үр дүн болох Хойд Солонгос улсын эсрэг авах арга хэмжээний тухайд талууд нэгдсэн ойлголцолд хүрч чадсангүй.  Мүн Жэ Ин,  Доналд Трамп нар цагаан ордонд албан ёсны уулзалт хийсэн бөгөөд үүний дараа хэвлэлийн хурал хийж, уулзалтаас гарсан үр дүнг хэвлэлийнхэнд мэдээлжээ.

Мүн Жэ Иний тухайд “Пхеньяны цөмийн зэвсэг, баллистик пуужингийн хөгжүүлэлтийг зогсооход тус улсын Засгийн газартай хэлэлцээр хийх нь чухал” гэдгийг онцолсон байна. Харин хүний амийг үл хүндэтгэсэн хэмээн Хойд Солонгосыг буруутгасан Ерөнхийлөгч Д.Трамп хэлэлцээр хийх бодолгүй байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “Хойд Солонгост чиглэсэн стратегийн тэсвэр тэвчээрийн эрин үе дууссан. Удаан хугацаанд энэ улс төрийн бодлого амжилтгүй үргэлжиллээ. Шуудхан хэлэхэд ахиад тэвчиж чадахгүй” хэмээн мэдэгдсэн байна.

Мөн Ерөнхийлөгч Мүн  АНУ-ын төрийн тэргүүнийг энэ ондоо багтаад БНСУ-д айлчлахыг урьжээ. Энэ мэтээр  Мүн Жэ Иний АНУ-д хийсэн айлчлалын ганц гялтайх үр дүн нь хулгайлагдсан тамгаа эргүүлэн авчирсан явдал байлаа. Харин Хойд Солонгосын эсрэг ямар арга хэмжээ авахад нэгдсэн ойлголцолд хүрч чадалгүй нутаг буцав. Дашрамд дурьдахад, эдүгээ БНСУ-д 28000 америк цэрэг үүрэг гүйцэтгэж байгаа аж. Харин Мүн Жэ Ин Ерөнхийлөгч болсноос хойш Пхеньян таван удаа баллистик пуужин хөөргөн туршсан юм.


Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus