Түймрийн голомтод үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдаа эргэжээ

Шадар сайд У.Хүрэлсүх, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнөөдөр  МТ 1001 дугаарын МИ 171Е загварын нисдэг тэргээр Төв аймгийн Батсүмбэр, Мөнгөнморьт сум, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд гарч байгаа ой, хээрийн түймрийн голомт руу ниссэн. 

Шадар сайд У.Хүрэлсүх ой, хээрийн түймрийн голомтод олон хоногоор үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдаа эргэн, тэдэнтэй уулзаж, хоол хүнс, эм тариа, хувцас хэрэгсэл, зарим шаардлагатай багаж хэрэгслийг хүлээлгэн өгч түймрийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.  Мөн нэмэлт хүчээр НОБГ-ын 12 алба хаагчийг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд хүргэлээ.

Шадар сайд У.Хүрэлсүх, алба хаагчидтай уулзаж, түймэр унтраахад хүндрэлтэй зүйл, нутаг орны байдал, тэдний хоол хүнсний хангалт, багаж хэрэгсэл, хувцас хэрэгслийн талаар нэг бүрчлэн асууж байлаа.

Тэрээр, эх орон, байгаль дэлхийгээ гал түймрийн аюулаас хамгаалж, байгалийн хүнд нөхцөлд, олон хоногоор ажиллаж байгаа алба хаагч залуус та нараар Монголын ард түмэн бахархаж байгаа.

Алба хаагч та бүхэн гэр орноосоо хол, алс бөглүү ойд, халуун бүгчим, байгалийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Өөрсдийн аюулгүй байдлаа сайн ханган ажиллаарай, хоол хүнснийхээ аюулгүй байдлыг анхаараарай гэж захиад  алба хаагчиддаа амжилт хүсчээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.






 

Бусдад түгээх
  • gplus