Дөрвөн аймагт цэвэрлэх байгууламж барина

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Архангай, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь аймгуудын төвд Цэвэрлэх байгууламж барихаар болжээ. 21.17  сая ам долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт өнөөдөр Сангийн сайд Б.Чойжилсүрэн, БХБ-ын сайд Г.Мөнхбаяр, АХБ-ын төлөөлөл, дээрх дөрвөн аймгийн засаг дарга нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна.  Аймгуудын төв цэвэрлэх байгууламж хамгийн хүндрэлтэй, төсөв, хөрөнгө оруулалт шаардагддаг  асуудлуудын нэг байдаг.  Тэгвэл энэ асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх ажлын эхлэн ийнхүү тавигдлаа. 

Барилга угсралтын ажилд дотоодын компаниудыг татан оролцуулж энэ намар эхлүүлэх  уг ажлыг 2019 оны сүүлээр дуусгахаар төлөвлөсөн байна. Төслийн хэрэгжилтэд туслалцаа үзүүлэх, барилгын ажлын тендерийн баримт бичиг боловсруулах, зөвлөх үйлчилгээний гэрээ болон төслийн дамжуулан зээлдүүлэх гэрээг байгуулжээ. Дараагийн удаад Булган, Дундговь, Хэнтий, Хөвсгөл, Увс гэсэн аймгийн төвд цэвэрлэх байгууламж барих 20 сая ам.долларын хөрөнгийг АХБ-тай хамтран шийдвэрлэсэн байна.

АХБ 1991 оноос манай улстай хамтарч олон салбарт хөрөнгө оруулалт хийж төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн юм.  1997 оноос өнөөг хүртэлх буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлд нийт 312,4 сая ам.долларын санхүүжилт хийгджээ.

Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus