Эмэгтэй 48, эрэгтэй 53 насандаа тэтгэвэрт гарах эрх нь нээгдэнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын  сайд Н.Номтойбаяр өнөөдөр Нийгмийн даатгалаас олгох  тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зарим эргэлзээтэй заалтуудын талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр Нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох гэсэн зорилт тусгасны дагуу Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төслийг Байнгын хороо болон УИХ-аар хэлэлцэхийг дэмжиж, шийдвэрлэсэн. Энэ хуулийн хүрээнд бүрэн тэтгэвэр тогтоолгох эрх үүсгэх босго 20 жил, хувь тэнцүүлсэн бол 10 жил, хэрэв 10 жил хүрээгүй бол халамжийн тэтгэвэр авдаг зохицуулалт бүхийн даатгалын тогтолцоог өөрчилж байгаа юм. Энэ тоо бол хэвээрээ үлдэх юм. Учир юунд байна гэхээр Нийгмийн даатгалын тухай хуулиар эмэгтэй 30, эрэгтэй 35 жил болгож байгааг хүмүүс андуурч тэтгэвэрт гарах хугацаа нь 10, 15 жилээр нэмэгдчихлээ гэж буруу ойлгоод байгаа юм. Тэгэхээр 20 жил хэвээр хадгалагдана гэдгийг тодорхой болголоо.

Эрэгтэй 35 жил, эмэгтэй 30 жил нийгмийн даатгал төлнө гэдэг асуудал практик дээр буухаар эмэгтэй хүн 48 насандаа тэтгэвэрт гарах бололцоо нээгдэж байгаа бол эрэгтэй нь 53 насандаа эрх нээгдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 60, 65 гэдэг настай харьцуулахад нас харгалзахгүйгээр 30, 35 жилээр тооцож тэтгэврээ тогтоолгох, тэтгэвэрт гарах шинэ сонголт үүсч байна гэдгийг хэлье. Тэгэхээр тэтгэврийн насыг 1-2 жилээр нэмэгдүүлэх нь хэвээрээ. Гэхдээ энэ хуулийн хүрээнд иргэд өөрсдөө 30, 35 жил нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр бас нэг хувилбарт сонголт бий болж байгаа юм.

Энэ хуулиар зөвхөн настай холбоотой асуудлыг шийдвэрлэж байгаа гэж буруу ташаа ойлгосон байна. Нийгмийн даатгалын хамрах хүрээг нэмэгдүүлж шимтгэлийн орлогын бааз суурийг өргөтгөх хөшүүргүүд оруулж өгсөн. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдэл гэж ойролцоогоор 860 орчим тэрбум төгрөгийг тэтгэврийн зээлийн хүүг бууруулахтай холбогдуулаад олон нийтийн дунд мэдээллийг сайн тараасан. Үүнийг олон нийтийн өмч болгож хуульчилж өгч байна. Өөрөөр хэлбэл, миний, таны, бид бүгдийн хуримтлал үүсгэж өгч байгаа шимтгэл бол олон нийтийн өмч гэсэн үг. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулдаг үзэгдлийг таслан зогсоож сангийн чөлөөт үлдэгдлийг дан ганц арилжааны банкинд хадгалуулдаг, илүү эрсдэл багатай байлгах эрхийг нээж өгөх юм. Арилжааны банкуудад үндсэндээ нийгмийн даатгалын үндэсний дарга, гишүүд хадгаламжийн дундаж хүүгээс бага хүүтэй хадгалуулдаг байсан. Жишээ нь, хадгаламжийн дундаж хүү 15 хувь байхад 9 хувиар тооцож байршуулаад, 6 хувийн хүүг алдагдуулдаг байсныг энэ Нийгмийн даатгалын ерөнхий хуулиараа зохицуулалт хийсэн. Даатгуулагч тэтгэврийн наснаас хойш ажиллаж болно. Гагцхүү тэтгэврийн насанд хүрсэн иргэний хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалдаг асуудлыг болиулсан. Нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, мэдээллийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх ажлыг тусгасан. Жишээлэхэд, даатгуулагч бүр олон улсад сошиал секүрити гэж нэрлэдэг нийгмийн даатгалын дугаартай болно" гэлээ.


Г.Зул

Бусдад түгээх
  • gplus