Н.Номтойбаяр: 0-3 насны хүүхдээ асарч буй эхэд сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгоно

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд өнөөдөр  сэтгүүлчдэд хандаж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, энэ өдрүүдэд УИХ-ын түвшинд хэлэлцэгдэж буй Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн төслүүдийн талаар тодорхой мэдээлэл өгсөн юм. Мөн маргаашнаас хэрэгжиж эхлэх Ахмад настны тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулт өглөө.


 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр "Ахмад настны тухай хууль маргааш хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбогдуулж энэ хуулинд тэтгэврийн хэм хэмжээг тогтоохдоо уг хуулийн 8.3-т тэтгэврийн хэм хэмжээг тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулахаар заасан байдаг. Тэгэхээр энэ хууль маргааш хэрэгжиж байгаатай холбогдуулж, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулж эдийн засагт сэргэлт гарч, тодорхой мөнгөн эх үүсвэр бүрдэж байгаа байдлыг харгалзаж бүрэн тэтгэврийн доод хэмжээг 300 мянган төгрөг болгох, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 252 мянган төгрөг болгохоор нийт 162.5 тэрбум төгрөгийг 2018  оны улсын төсөвт дагалдуулж оруулах ажил шат шатандаа шийдэгдэж байгааг дуулгая.

Цалинтай ээж хөтөлбөрийн хүрээнд хүн амын цонх үеийг хэвээр хадгалах, залуу насны бүтцээ хадгалах үүднээс жирэмсэн эхэд таван сартайгаас эхлэн төрөх хүртэлх хугацааны тэтгэмж сар бүр 40 мянган төгрөг. 0-3 настай хүүхдийн эхэд сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж, 4 хүртэлх насны ихрүүдэд хүүхэд бүрийн тоогоор нэг удаад 1-3 сая төгрөгийн мөнгөн тэтгэмж олгоно. 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт улирал бүр 240 мянган төгрөг олгож байхаар зохицуулна. Үүнийг тойроод нийгэмд ямар буруу ойлголт байна вэ гэхээр 0-3 гэдгийг андуурч байна. 0-1 настай, 1-2 настай хүүхдүүдэд өгнө гэж ойлгож болохгүй ээ. Нийтдээ 36 сар  тэтгэмж хүртэх ийм зохицуулалт шүү.

Өрх толгойлсон эцэг, эх бол Монгол Улсын 780 мянган өрхийн 16 хувийг хамардаг. Мэдээж урьд нь 500 мянган төгрөгийг шинэ гэр бүлд олгож байх үед хийсвэр гэр бүлийн бүртгэлийг хөөсөргөж байсан. Энэ бүхнээс бид маш том сургамж авч тодорхой зохицуулалтыг энэ хуулиндаа тусгалаа. Иймд ямар нэг байдлаар хуурамчаар гэр бүл салах асуудал үүсгэхгүй гэж харж байгаа.

Ихэр хүүхдэд олгож байгаа тэтгэмжийг болиулах нь гэж бас хүмүүс буруу ойлгоод байна. Хоёр ихэр хүүхдэд тус бүр 1 сая төгрөг олгож байгаа бол 3 ихэр хүүхдэд тус бүр 3 сая төгрөг олгож байгаа. Ийм зохицуулалтууд бий. Уг хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс 72 тэрбум төгрөгийн санхүүжилт хийнэ" гэсэн юм.

 

Бусдад түгээх
  • gplus