Хэдэн настайдаа тэтгэвэрт гарахаа ТА өөрөө сонгодог болно

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцүүлж байна. Нийгмийн даатгалын сангийн тогтвортой байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн даатгалын шимтгэл төлөх харилцааг бусад хуулиудаар зохицуулж байгааг нэг мөр болгох, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлгүй, үр өгөөжтэй, ил тод удирдах зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн бариад байгаа юм. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлтэй уялдуулан 10 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ба тухайлбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар "эмэгтэй даатгуулагч 30 жил, эрэгтэй даатгуулагч 35 жил ажилласан тохиолдолд өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй" байхаар зохицуулах юм.

Үүнтэй уялдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3-т зааснаар ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалдаг одоогийн хуулийн заалтыг ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хүчингүй болгож, ажилтан өөрөө хүссэний дараа хөдөлмөрийн гэрээг цуцалж байхаар Хөдөлмөрийн тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулна. Өөрөөр хэлбэл даатгуулагч цаашид ажиллах сонирхолтой бол үргэлжлүүлэн ажил хөдөлмөр эрхлэх эрх нь нээлттэй байх юм.

Ингээд УИХ-аар хэлэлцэгдэж буй Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл (шинэчилсэн найруулга), түүнийг дагалдан гарах хуулийн төслүүдийн тухай товч танилцуулгыг хүргэж байна.

Нийгмийн даатгалын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга)-ийн төсөл батлагдсанаар:

  • Нийгмийн даатгалын хамрах хүрээ өргөжиж, шимтгэлийн орлогын бааз суурь нэмэгдэнэ.
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг олон нийтийн өмч байхаар хуульчилна.
  • Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах болон ногдуулахгүй орлогыг тодорхой болгоно.
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулдгийг таслан зогсоож, сангийн чөлөөт үлдэглдийг дан ганц арилжааны банкинд хадгалуулахаас гадна өсгөн арвижуулах чиглэлээр эдийн засгийн эргэлтэд оруулдаг болно.
  • Чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд бага хүүтэй хадгалуулж, орлого бууруулах нөхцөлийг арилгаж зөвхөн хадгаламжийн дундаж хүүгээр хадгалуулдаг болно.
  • Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэд Мэргэжлийн зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий орон тооны бус хороо ажиллаж, хөрөнгө оруулалт, санхүүгийн эрсдлийн зөвлөгөө өгдөг болгоно.
  • Даатгуулагч хүсвэл тэтгэврийн наснаас хойш ажиллаж болох бөгөөд тэтгэврийн насанд хүрсэн ажилтны хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалдаг нөхцөлийг хүчингүй болгоно.
  • Нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааг сайжруулж, мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ.
  • Даатгуулагч бүрт нийгмийн даатгалын дугаар олгоно.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар:

  • Даатгуулагчийн тэтгэвэр авах эрхийг баталгаажуулж, олон жил ажилласан даатгуулагч нас харгалзахгүй тэтгэвэр тогтоолгодог болно. Тухайлбал, эмэгтэй даатгуулагч 30 жил, эрэгтэй даатгуулагч 35 жил ажилласан тохиолдолд өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй болно. Өөрөөр хэлбэл, олон жил ажилласан даатгуулагчид заавал насны болзол тавихгүйгээр эрт тэтгэвэрт гаргах нөхцөл бүрдэж байна.
  • Ингэхдээ одоо мөрдөж буй хуулиар 20 жил ажиллаад 55, 60 насанд хүрээд өндөр насны тэтгэвэрт гардаг зарчмыг хэвээр хадгална. Өөрөөр хэлбэл, 20 жил ажиллах болзлыг нэмэх буюу өөрчлөхгүй.
  • Малчдын тухайд 20 жил ажилласан бол тэтгэврийн наснаас 5 жилийн өмнө буюу 50, 55 насандаа тэтгэвэрт гарах хуулийн өөрчлөлтийг хэвээр хадгалж байна.
Эх сурвалж: ХНХЯ
Бусдад түгээх
  • gplus