Шинээр суурилуулж буй төмөр бетон тулгуурууд 34 м/с хурдтай салхинд тэсвэртэй байна
Энэ сарын 28-ны  өдөр Архангай, Булган аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан хүчтэй салхи шуурга гарч,  аянга, дуу цахилгаантай аадар бороо орсон. Үүний улмаас Эрдэнэт – Булганы 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын  14 төмөр бетон тулгуур хугарч унан, Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан аймгууд цахилгаангүй болоод байгаа билээ. Мөн 20 гаруй айлын гэр, хашаа нурж, нэг айл усанд автан, 800 гаруй мал хорогдоод байгаа юм.



Цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарсан даруйд Эрчим хүчний сайд П.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг томилогдон, 24 цагийн турш ажиллаж, тог цахилгаангүй байгаа аймгуудыг яаралтай эрчим хүчинд холбохоор газар дээр нь ажиллаж , сэргээн засварлах ажил шуурхай хийгдэж байна.  Одоогийн байдлаар зургаан тулгуур шонг суурилуулаад байгаа аж.
 
Энэ ажилд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн нийт 75 инженер техникийн ажилтан, 29 машин механизм ажиллаж байгаа бөгөөд Улаанбаатар хотоос зориулалтын машин механизмаар бетон тулгууруудыг тээвэрлэж, гэмтэл гарсан газруудад хүргэжээ.

Цахилгаан дамжуулах агаарын шугамын нэг тулгуур бетон шон  л гэхэд 26 метрийн урттай, 5.5 тонн жинтэй байдаг аж. Энэхүү шонг 34 м/с хурдтай салхинд тэсвэртэй байхаар тооцоолон суулгаж байгаа учраас засварын ажилд багагүй цаг орж байгааг мэргэжилтнүүд ярьж байна.

Байгалийн гамшигт өртөж, хугарч унасан төмөр бетон тулгууруудыг анх 1980 онд суурилуулсан бөгөөд нийтдээ 37 жил ашиглагдаж, хуучирч муудсан тулгуурууд байжээ.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus