Завхан аймгийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байна

Архангай, Булган аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан хүчтэй салхи шуурга аянга, дуу цахилгаантай аадар борооны улмаас Эрдэнэт – Булганы 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарсан. Мөн 20 гаруй айлын хашаа гэр нурж, нэг айл усанд автаж, 800 гаруй мал хорогдсон билээ. Булган аймгийн МХГ, Онцгой байдлын албатууд газар дээр нь ажиллаж, малын сэг зэмийг дарж устгах болон орон гэргүй болсон малчдад тусламж үзүүлж байгаа аж.

Эрчим хүчний сайд П.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг шугамын гэмтлийг яаралтай засварлаж, тог цахилгаангүй байгаа аймаг сумдыг эрчим хүчинд холбох ажлыг газар дээр нь удирдан зохион байгуулж байна. Шугамын трассын дагуу мөндөр их хэмжээгээр орж, зарим газраараа 50-60 см хүртэл зузаантай байсан зэрэг хүнд нөхцөлд эрчим хүчний салбарынхан албан үүргээ гүйцэтгэж байгаа аж.

Өчигдрийн байдлаар зургаан аймаг тог цахилгаангүй байсан бол яаралтай арга хэмжээ авсны үр дүнд Завхан аймгийг бүхэлд нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангаж эхэлжээ.

Эрдэнэт – Булганы 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам нь 37 жилийн өмнө буюу 1980 онд ашиглалтад орсон аж.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus