Төсвөөс 16.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг олгожээ
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.

2016 оны гүйцэтгэлээр Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 5.8 их наяд төгрөгт хүрч 107.5 хувийн биелэлттэй, зарлага 9.95 их наяд төгрөгт хүрч 95.0 хувийн биелэлттэй гарсан байна. Нэгдсэн төсвийн тэнцэл 3 их наяд 660.3 тэрбум төгрөгийн алдагдалтай тайлагнагджээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус Байнгын хороонд харъяалагдах Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Улсын ерөнхий прокурор, Хүний эрхийн үндэсний комиссын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга, Авилгатай тэмцэх газрын дарга болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 307 төсвийн шууд захирагч, төрийн 100 хувийн өмчит аж ахуйн 10 нэгж, Засгийн газрын гадаад зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй 3 төслийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргажээ. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тус Байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 484.1 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 12.4 тэрбум төгрөгөөр илүү, өмнөх оны гүйцэтгэлээс 22.2 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй гарсан байна. Урсгал зардалд 467.3 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 16.8 тэрбум төгрөгийг зарцуулсан аж. Нийт зарлага болон цэвэр зээлийн дүнгийн 83 хувь буюу 404.5 тэрбум төгрөгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, 9 хувь буюу 47.8 тэрбум төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, 3.6 хувь буюу 17.6 тэрбум төгрөгийг Улсын ерөнхий прокурор, 2.9 хувь буюу 14.1 тэрбум төгрөгийг бусад төсвийн ерөнхийлөн захирагчийн багцын зарлага эзэлж байгаа юм байна.

Тайлант онд улсын төсвөөс 16.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг олгожээ. Тухайлбал, ХСИС-ийн 3000 оюутны хичээлийн байрны барилга угсралтын ажилд 4.9 тэрбум төгрөг, Архивын ерөнхий газрын барилга угсралтын ажилд 3.6 тэрбум төгрөг, Хилийн цэргийн 0168 дугаар ангийн нүүлгэлтийн зардалд 2.3 тэрбум төгрөг, орон нутгийн цагдаагийн 25 кобоны барилга угсралтын ажилд 1.6 тэрбум төгрөг тус тус зарцуулсан байна. Улсын төсвөөс 468.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бол төсөвт байгууллагын өөрийн орлогоор 14.3 тэрбум төгрөг, ЭМДС-ийн санхүүжилтээр 1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг бүрдүүлжээ.

Төслийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дээрх саналын томъёоллыг дэмжснээр Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
Бусдад түгээх
  • gplus