Монголд хамгийн их тогтворгүй, чадамжгүй, хамгийн их улстөрждөг бол төрийн алба болчихоод байна. Нэг үгээр намын харъяат ажилтнууд болчихоод байгаа юм. Хуульд Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчийг дөрөв ангилжээ. Түүн дотор төрийн захиргааны алба, төрийн тусгай албыг төрийн жинхэнэ албан хаагч гэж заасан байна.
Төрийн захиргааны албан тушаалд яамдын Төрийн нарийн бичгийн дарга, тохируулагч болон чиг үүрэг бүхий Засгийн газрын агентлагийн удирдах ба гүйцэтгэх албан тушаалтныг оруулжээ. Эдгээр албыг хашиж байгаа хүмүүс “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэн ч шударгаар биелүүлэхээ тангараглая тангаргаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөдөг. Эдгээр тангараг өргөсөн төрийн албан хаагчийг уг хуулийн 15.1.1-д “Албан үүрэгтэйгээ холбогдолгүй асуудлаар нам, олон нийтийн болон шашны байгууллагын үйл ажиллагаанд төрийн албан хаагчийн хувьд оролцох”-ыг хориглоно гэсэн байна. Тэгвэл эдүгээ төрийн жинхэнэ албан хаагч олон хүн улс төрийн намуудад давхар сонгуульт үүрэг хүлээн ажиллаж байгааг өөрчлөх цаг болсныг дуулгаж байна. Энэхүү хэрэгцээ шаардлагыг үндэслэн Ерөнхийлөгч болон УИХ-ын нэр бүхий гишүүдээс Төрийн албаны хуулийг шинэчлэхээр хуулийн төсөл өргөн бариад байсан юм. Улмаар ижил төсөөтэй утга агуулга бүхий хоёр хуулийн төслийг нэгтгэсэн. Өчигдөр чуулганаар уг хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслиийг нэгтгэж анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Ямартай ч хоёр хуулийн төслийг нэгтгэж өнөөдөр чуулганаар хэлэлцэх юм. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг “Энэ хуулийн зорилт нь тогтвортой, ил тод төрийн албаны эрх зүйн үндсийг тогтоох, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тодорхойлох, төрийн албаны төв байгууллагын чиг үүргийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, төслийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг “Энэ хуулиар төрийн албаны эрхэм зорилго, зарчим, үйлчилгээний стандарт, төрийн албан хаагчийн ангилал, зэрэглэл, нийтлэг эрх, үүрэг, хориглох зүйл, төрийн албаны төв байгууллагын эрх зүйн байдал болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулна” гэж тус тус өөрчлөх аж. Харин төслийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт тусгаснаар энэ хууль нь төрийн тусгай болон төрийн үйлчилгээний албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэхэд үйлчлэхгүй юм.
Мөн төслийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсгийг “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж тус тус өөрчлөн найруулжээ.
Энэ хуулийг ирэх оны эхнээс хэрэгжүүлэхээр тусгасан байна. Ингэснээр төрийн албан хаагчийг улс төрийн хамааралтай байлгах явдал бүрмөсөн үгүй болно гэдэгт итгэх үлдэж байна.
П.ГОО
Оллоо.мн