Цахилгаан дамжуулах агаарын шугамд гарсан томоохон гэмтлийг засварлаж байна

-Эрчим хүчний сайд П.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Булган аймагт, газар дээр нь ажиллаж байна- 


Өчигдөр орой Архангай, Булган аймгийн нутаг дэвсгэрт хүчтэй салхи шуурч, мөндөр орсны улмаас Эрдэнэт-Булганы 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд томоохон хэмжээний гэмтэл гарсан талаар бид өмнө мэдээлсэн.  Байгалийн онц аюултай үзэгдлийн улмаас 56.4 км-ийн урттай шугамд 14 төмөр бетон тулгуур хугарч унан, Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан аймгийн 125 сум одоогийн байдлаар тог цахилгаангүй байна.

Шугамын гэмтлийг яаралтай засварлах, хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчинд холбохоор Эрчим хүчний сайд П.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Булган аймагт, гэмтэл гарсан газар нь дээр ажиллаж байгаа юм байна. Эрчим хүчний сайдын тушаалаар "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн хэмжээнд онцгой нөхцөл байдлын үед ажиллах бэлэн байдал зарлаж, шөнийн 02:00 цагт Хангайн бүсийн салбар, Хархориноос 10 хүний бүрэлдэхүүнтэй бригад, 02:30 цагт Багануур Зүүн өмнөд салбараас 7 хүний бүрэлдэхүүнтэй бригад, Улаанбаатар салбараас 13 хүний бүрэлдэхүүнтэй бригад үүрийн 05.34 цагт гарч, гэмтлийг засварлахаар ажиллаж байна.

Шугамын гэмтлийг засварлахын зэрэгцээ Завхан, Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийг усны эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаа бөгөөд Тайширын усан цахилгаан станц хоёр турбины горимоор 6 МВт, Богдын голын усан цахилгаан станц 1 МВт –ын ачаалалтай ажиллаж байна.



 

Бусдад түгээх
  • gplus