Д.Дамба-Очир: Ломбардын сүлжээнээс иргэдийг хамгаалах цаг болсон

Барьцаалан зээлдэх буюу ломбардын үйл ажиллагааг хуулиар зохицуулах шаардлагатай гэдгийг зарим гишүүд хөндөөд байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын байр суурийг сонирхлоо.

 

-Санхүүгийн зохицуулах хорооны тайланг Байнгын хорооны хурал дээр сонсох үед гишүүдийн зүгээс ломбардтай холбоотой асуудал нэлээд хөндөгдсөн. Ломбардын хуультай болж цэгцлэх талаар та ямар байр суурьтай явдаг вэ?

-Ломбард, банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгийн бирж зэрэг хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлыг цаашлаад Монголын мөнгөний бодлоготой холбоотой асуудлыг Санхүүгийн зохицуулах хороо хариуцдаг. Өнөөдөр ломбард буюу барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа энэ газарт ямар ч хууль алга.

Ийм учраас цагдаа аргагүйн эрхэнд хариуцаж худлаа үнэн араас нь хөөцөлддөг байх. Үүнийг цэгцлэх шаардлага нэгэнт бий болсон. Ломбард иргэдээс үнэт эдлэлийг нь маш хямдхан барьцаалж аваад хугацаандаа мөнгөө төлж аваагүй бол зах зээлийн үнээс доогуур худалддаг. Үнэ бол зүгээр дээрэм.

Энэ нь хуулийн зохицуулалт хяналт байхгүйгээс үүдэлтэй. Ард иргэд хямралтай энэ үед аль нэг санхүүгийн байгууллагаас зээл авахаас өөр аргагүй. 14 хоногийн хугацаатай гар утсаа барьцаанд тавилаа гэхэд 15 дахь хоногоосоо 4-5 дахин бага үнээр дамлаж зардаг. Барилгын тоног төхөөрөмжийг хүртэл хямдхан аваад аж ахуйн нэгжүүдэд дамладаг гэнэ лээ. Бүхэл бүтэн сүлжээ үүссэн.

Ломбардад эд зүйлээ барьцаалж банк бус санхүүгийн байгууллагад машин, байр орон сууцаа барьцаанд тавьсан хүмүүс мөнгөө төлөхгүй хугацаа нь хэтэрсэн бол том биетэй залуус очоод хүчээр хөөгөөд гаргадаг. Иргэд зээл авч байгааг хамгаалах механизмыг нэн тэргүүнд бий болгох хэрэгтэй.

-Ломбард буюу барьцаалан зээлдүүлэх үйлчилгээтэй холбогдсон хуулийг ЦЕГ боловсруулж байгааг та шүүмжилж байсан?

-Иргэд ломбард хоорондын харилцааг зохицуулах механизм хуулийн орчин хэрэгтэй байна. Үүнийг Санхүүгийн зохицуулах хороо хийх ёстой. Ломбардын хуулийг СЗХ санаачлан оруулж ирэх хэрэгтэй. Энэ нь зээл гаргаж байгаа аж ахуйн нэгж болон зээлдэгчийн зүгээс үүрэг хариуцлагатай болгох үйл явц.

Хуулийн хамгаалалт хэрэгтэй. Цагдаа, тагнуул зэрэг хууль хүчний байгууллагууд оролцож хууль бусаар үйл ажиллагаа явуулж, ард иргэдийг дээрэлхэж дарамталж байгаа аж ахуйн нэгжүүдийг цэгцлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол хүмүүсийн амь амьдралаар тоглож гүйцэх нь.

-Манай улсад одоогоор хэчнээн ломбард үйл ажиллагаа явуулдаг юм бол?

-Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ буюу ломбардын үйл ажиллагаа эрхэлж байгаа 1,500 гаруй аж ахуйн нэгж байгаа юм билээ. НӨАТ, татвар төлөхгүйн дээр маш олон хүний амьдралыг үгүй хийж байна. Ломбард ажиллуулж байгаа хүн зөвшөөрөлтэй байх хэрэгтэй. Мөн үүрэг хүлээх ёстой.

-Эдгээр аж ахуйн нэгжүүдэд хамгийн түрүүнд ямар зохицуулалт хийх хэрэгтэй вэ?

-Хамгийн эхэнд тухайн аж ахуйн нэгжийг үүрэгжүүлэх хэрэгтэй. Энэхүү санхүүгийн үйл ажиллагааг эрхлэхийн тулд тодорхой шаардлагуудыг хангасан зөвшөөрөлтэй байх ёстой. Зээлдэгчийг хамгаалах, хугацаа, хүү гэх зохицуулалтуудыг зайлшгүй хийх хэрэгтэй. Үүнд Санхүүгийн зохицуулах хороо анхаарал хандуулж ажиллах байх.

-УИХ-ын ажлын хэсгээс Монголбанканд хийсэн шалгалттай холбоотой асуудал байнгын хороо, чуулган дээр хүчтэй яригдсан. Хариуцлага тооцох тогтоолыг хэрхэн харж байна вэ?

-Монголбанкыг гурван их наяд төгрөгийн алдагдалд оруулсан. бодлогын буруу шийдвэр гаргасан гэдэг нь үнэн. Ер нь Монголбанканд ажиллаж байгаа дараа дараагийн хүмүүст сургамж болж очих ёстой. Арга хэмжээ авах ёстой гэж бодож байна. Найман янзын хөтөлбөрүүдээр үнэ тогтворжуулах зэрэг янз бүрийн байдлаар мөнгийг зах зээлд гаргасан нь үнэн шүү дээ.

Ийм л байдалтайгаар өнгөрсөн дөрвөн жил явж ирсэн. Монгол банкны Ерөнхийлөгч тухайн үеийн удирдлагуудын явуулж байсан бодлогууд гаргасан шийдвэр нь буруу байсан. Олон аж ахуйн нэгжүүд Монголбанкнаас маш бага хувийн хүүтэй зээл аваад түүнийгээ 15-16 хувийн хүүтэй банкинд хадгалуулсан. Энэ бол зориулалтын бус. Хариуцлагын асуудал яриад эхлэхээр улс төржүүлээд замхруулах үйл явц ажиглагдаж байна. Үүнийг би буруу гэж үзэж байна.

-Сөрөг хүчний зүгээс тогтоолоор хуулийн байгууллагад чиглэл өгч байна УИХ ийм тогтоол гаргах нь эрх зүйн хувьд буруу гэсэн шүүмжлэлийг өгч байна лээ.

-Би дээр хэлсэн энэ шалгалтын үр дүнг улстөржүүлэх хэрэггүй юм. Энэ нь хариуцлага тооцохгүйгээр асуудлыг замхруулах гэсэн арга.


Зууны мэдээ
С.Уянга

Бусдад түгээх
  • gplus