Ч.Содномцэрэн: Бидний ажлыг хөндлөнгөөс заах явдал дэндэж байна
Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ.  Тус хорооныхон өнөөдөр хуралдаж хуралдаж, хоёр дахь шатны санал хураалтыг долоодугаар сарын 7-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн тухай мэдээлэл олон нийтэд хүрээд байгаа. Тэгвэл энэ асуудлаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Сонгуулийн Ерөнхий Хороо Монгол Улсын ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуультай холбогдуулж зохих шийдвэр гарсныг мэдээлж байна. Хоёр дахь санал хураалттай холбоотой хүсэлт шаардлагыг нам, холбоодоос ирүүлсэн. Хүсэлт шаардлага ирүүлсэн нам холбоодод хоёр дахь санал хураалтын хугацааг хойшлуулах боломжгүй гэсэн хариу өгч байна. Уг санал хураалт хуулийн хугацаатай. Сонгуулийн Ерөнхий Хорооны тогтоол гарсан. Саналын хуудасны хэвлэлт, хоёр дахь санал хураалтад бэлтгэх, санал авах техник хэрэгсэл хүргэх гэх мэт бүх боломжийг судалсны үндсэн дээр хоёр дахь санал хураалтыг долдугаар сарын 07-ны өдөр /Баасан гарагт/ явуулахаар боллоо.

Мөн гадаадад байгаа иргэдийн саналыг долоодугаар сарын 4, 5-ны өдөр явуулахаар болсон. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг бүх шатны сонгуулийн хороод төв салбаруудад даалгасан. Мөн хуулийн дагуу СЕХ хоёр дахь санал хураалтыг 14 хоногийн дотор зарлан зохион байгуулах заалттай. Энэ хугацаанд саналын хуудсаа хэвлэн, техник хэрэгслээ программчилж, санал авах тоолох төхөөрөмжийг аймаг, сумдад хүргэх ажилд хугацаа шаардагдана. Иймд бүх боломж нөхцлийг судлан долоодугаар сарын 7-нд зохион байгуулахаар болсон. Бүх аймагт онгоц нисэхгүй. Ийм тээврийн нөхцлөөр бид 14 хоногийн хугацаанд багтаан ажиллана гэдэг хүнд. Манай ажилчид сүүлийн хоёр хоног унтаагүй явж байна. Өнөөдөр өглөө дөрвөн цагт гадаад дахь монголчуудын саналын хуудсыг хэвлэж дууссан. Бид хоёр дахь шатны санал хураалтыг даруй зохион байгуулахаар бүхий л боломжийг судалсан. Тээврийн хэрэгслийн боломжийг судаллаа. ИНЕГ болон бусад компани, ЗХЖШ-д байдаг нисдэг тэрэгний нөөцийг асууж, лавлалаа. Тэдний зүгээс нааштай хариу өгсөн бөгөөд зарим нислэгээ зохицуулж сонгуулийн хоёр дахь санал хураалтын техник хэрэгсэл, саналын хуудсыг хүргэхэд тусална гэсэн. Иймд хоёр дахь санал хураалтыг 2017 оны долоодугаар сарын 7-ны өдөр явуулахаар тогтлоо” хэмээв.

Мөн хоёр дахь шатны санал хураалтад зарцуулагдах 7.2 тэрбум төгрөгийг  Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргахаар шийдвэрлэсэн тухай мэдэгдлээ. 

Хэвлэлийн хурлын үеэр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Нам холбоод, иргэд хөндлөнгөөс оролцож, бидний ажлыг зааж зааварлах явдал дэндэж байна. СЕХ бие даасан хараат бус байгууллага. Бид хуулийн хүрээнд сонгуулиа зохион байгуулж байна. Анхан шатны сонгуулийн дүнг дэлгэцээр нийтэд ил тод мэдээлсэн. Санал авах байруудаас ирж буй дүнг иргэн, нам, нэр дэвшигчи ажиглагчид эхнээс нь дуустал харсан. Тийм учраас сонгуулийн дүнд эргэлзэх хэрэггүй. Саналын дүн шөнөдөө өөрчлөгдлөө, СЕХ будлиан хийлээ гэх мэдээ явсан. Үүнд ямар нэгэн засвар өөрчлөлт ороогүй гэдгийг хэлмээр байна” гэв.
 
П.ГОО 
Оллоо.мн 
 
Бусдад түгээх
  • gplus