Түймрийн голомтод алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэлээ
ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралын шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар 24 алба хаагчийг өчигдөр  МТ 1001 дугаарын МИ171Е загварын нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэжээ.

Мөн ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг ахлан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд гарсан түймрийн голомтод 22 алба хаагчийг хүргэсэн байна.

Өнөөдөр 08:30 цагт Төв аймгийн Мөнгөнморьт суманд гарсан түймрийг унтраахаар НОБГ-ын 26 албан хаагчийг МТ 1001 дугаарын МИ171Е загварын нисдэг тэргээр түймрийн голомтод хүргээд байна.

Эдгээр түймрүүд нь Минжийн хангайд буюу машин болон явганаар очих боломжгүй газар гарсан тул ийнхүү алба хаагчдийг нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэсэн юм.

Ихэнх нутгаар хур бороо багатай, хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг бүрдүүлж байгаа тул иргэд та бүхэн амралт, аялал зугаалгаар явахдаа, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй  байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.












 

Бусдад түгээх
  • gplus