Зөрчлийн хууль ирэх сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ
Олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, нийгмийн анхаарлыг нэлээдгүй татаж батлагдсан хууль бол Зөрчлийн тухай хууль. Энэ хууль хэдхэн хоногийн дараагаас буюу ирэх сарын 1-ээс хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Зөрчлийн хууль үйлчилж эхлэснээр маш олон зөрчилд торгуул ногдуулахаар байгаа юм. Зөрчлийн хамгийн бага торгууль нь 10 мянган төгрөг бол хамгийн дээд торгууль 100 сая төгрөг байна. Торгуулийн хэмжээг нэгжээр тогтоосон гэнэ. Нэг нэгж 1000 төгрөгтэй тэнцэх аж.

Тухайлбал, иргэн та  хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй / 1 нэгж 1000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалттай.

Мөн Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй/ 1 нэгж 1000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй / 1 нэгж 1000 төгрөг / тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Ажил, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай нөхцөл, эсхүл заншлын дагуу хэрэглэж байгаагаас бусад тохиолдолд хот, суурин газарт биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол зэвсэг, хэрэгслийг хурааж тухайн иргэнийг 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Замын хөдөлгөөний дүрэмд заасан заалтыг зөрчин улаан гэрлээр гарвал явган зорчигч 25000 төгрөгөөр торгуулна. Харин гарцгүй газраар зам хөндлөн гарвал 20000 төгрөгийн торгууль төлөх юм.

Тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хурд хэтрүүлбэл 50000 төгрөгөөр торгуулах бол замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцлөөр урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасна.

Техникийн үзлэгт ороогүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол хувь хүнийг 20 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 200 мянган төгрөгөөр торгоно.

Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо төлбөрөө төлөөгүй бол 10 мянган төгрөгөөр торгоно. Одоо үйлчилж байгаа журмаар 1000-5000 төгрөгийн торгууль ногдуулж байна.

Зөрчлийн тухай хуульд тусгагдсан дээрх заалтуудыг иргэд мэдэж байх хэрэгтэй бөгөөд эдгээр зөрчлийг гаргавал мөнгөн торгуульд унах нь нэгэнт тодорхой болоод байна.

Ийнхүү 1600 орчим зөрчлийг уг хуулиар зохицуулна. Түүнчлэн дөрвөн тохиолдолд баривчлах шийтгэл ногдуулах бол бусад тохиолдолд торгох шийтгэл ногдуулах юм байна. 

Энэ хууль нь ирэх долдугаар сарын 1-ээс хэрэгжинэ.
ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus