Найман настай охин “Нөлөө бүхий 25 эрхэм”-ийн жагсаалтад багтжээ

АНУ-ын “Time” сэтгүүл “Интернэт орчин дахь хамгийн нөлөө бүхий 25 эрхэм”-ийн жагсаалтыг гаргажээ. Тэрхүү жагсаалтад иргэний дайны хөлд нэрвэгдэж, эдүгээ ч мөргөлдөөн үргэлжилсээр байгаа Сирийн Aлеппo хотын үнэн нүүр царайг твиттер сүлжээнд цацсан найман настай охин багтсан байна.
 
“Time” сэтгүүл 2015 оноос хойш жил бүр цахим сүлжээн дэх хамгийн нөлөө бүхий эрхмүүдийг тодруулах болсон бөгөөд өнөөдрийг хүртэл АНУ-ын экс Ерөнхийлөгч Барак Обама, нэрт дуучин Бейонсе нар сонгогдож байсан юм.
 
Харин энэ жилийн нөлөө бүхий 25 эрхмийн нэрсийг зарлалаа. Үүнд Сирийн найман настай Бана Алабед охин сонгогдсон нь дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлыг татаж байна. Бана Алабед охин өнгөрсөн жилийн арванхоёрдугаар cap хүртэл мөргөлдөөн үргэлжилж байсан Сирийн Алеппо хотын зүүн этгээдийг агаараас бөмбөгдсөнөөр хот, гудамж нь сүйрч, дотны найз нь амиа алдсан тухай твиттер хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлж, дотоодын дайныг зогсоохыг уриалж байсан юм.


 
Түүнчлэн, охин АНУ-ын шинэ төрийн тэргүүн Доналд Трампт захидал бичиж, Туркийн Ерөнхийлөгч Ресеп Тайип Эрдогантой уулзаж байсан удаатай. Харин одоогоор охин хөрш зэргэлдээ Турк руу дүрвэн амьдрах болсон бөгөөд эдүгээ түүний твиттер сүлжээ дэх дагагчдын тоо 360 мянгыг авсан байна.
 
Охин хамгийн сүүлд энэ сарын 20-ны дэлхийн дүрвэгсдийн өдрөөр твиттер хуудастаа дүрс бичлэг нийтэлж, “Өнөөдөр дэлхий дахинаа маш олон хүн өөр нутагт дүрвэн амьдарч буй гэдгийг битгий мартаарай. Амьдрах гэр, эмнэлэг, ажил ч үгүй дүрвэгсдийн дүр зургийг төсөөлөөд үзээрэй” хэмээн англи хэлээр уриалсан байв.
 
“Time” сэтгүүл охиныг яагаад нөлөө бүхий эрхмүүдийн жагсаалтад багтааснаа тайлбарлахдаа “Маш цөөхөн сэтгүүлчдын хүрч очсон Алеппо хот дахь Сирийн иргэний дайны зүрх зүсэм нөхцөл байдлыг таниулсан. Улмаар түүний мэдээлэл өргөн хүрээг хамарч, Сирийн хүүхдүүдийн бэлгэдэл болж чадсан” учир түүнийг энэ жагсаалтад багтаажээ.

Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus