Сири дахин химийн зэвсэг ашиглахаар зэхэж байна

АНУ-ын Цагаан ордноос мэдэгдэл хийж, “Сирийн Ерөнхийлөгч Башар ал Ассадын Засгийн газар энгийн иргэдийн эсрэг дахин химийн зэвсэг ашиглахаар зэхэж буйг илрүүлсэн” тухайгаа олон нийтэд мэдээллээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсерын хэлж буйгаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4-нд ашигласан химийн зэвсэглэлтэй яг адил зэвсгийг ашиглаж магадгүй аж.

Дөрөвдүгээр сард босогчдын хяналтад байгаа Сирийн баруун хойд хэсгийн Идлиб мужид Сирийн цэргүүд мэдрэлд нөлөөлдөг хүчтэй химийн зэвсэг хэрэглэсний улмаас наад зах нь 58 хүн амь үрэгдсэний 11 нь хүүхэд байсан юм. Мөн  500 гаруй хүн хордсон байдаг. Харин үүний хариу болгон Сирийн агаарын цэргийн хүчний баазад АНУ-ын тэнгисийн цэргийн хүчнийхэн Ерөнхийлөгч Д.Трампын тушаалаар далавчит пуужингаар цохилт өгсөн юм.

Тухайн үед эх сурвалжууд өөр өөр мэдээлэл хүргэж байсан бөгөөд зарим нь Башар Ассадын тал химийн зэвсэг ашигласан гэсэн бол зарим нь ОХУ-ын байлдааны онгоцууд уг зэвсгийг ашиглан довтолсон гэж мэдээлж байсан. Гэсэн ч, Сири болон ОХУ-ын аль аль нь энэ мэдээллийг няцааж, оролцоогүй гэдгээ мэдэгдсэн байдаг.

Сирид ажиллаж байгаа Хүний эрхийн ажиглагчдын мэдээлснээр хүмүүсийн амьсгал бачимдаж, ухаан алдаж, мөн зарим хүний амнаас хөөс сахарч байжээ. Идлиб мужийн Эрүүлийг хамгаалах албаны дарга Мунзер Халилийн хэлснээр зарин, эсвэл хлор ашигласан гэж үзэж байгаагаа Ройтерсийн сурвалжлагчид хэлсэн байсан юм.

Ямартай ч, энэ тохиолдол нь 2013 оноос хойшхи химийн зэвсэг ашигласан хоёр дахь тохиолдол болж байгаа. Харин АНУ-ын Цагаан ордны мэдээлэл үнэн бол Сири гурав дахь удаагаа химийн зэвсэг ашиглах бололтой. Гэхдээ болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор АНУ-ын зүгээс Сирийн Ерөнхийлөгч Башар ал Ассадад “Дахин химийн зэвсэг ашиглан дайралт хийвэл хатуу арга хэмжээ авах болно” гэдгээ анхааруулсан байна.

Хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер мөн АНУ Исламын хэт даврагч “Лалын улс” бүлэглэлийг устгах зорилгоор Сирид үйл ажиллагаа явуулж буй хэмээгээд “Ассад химийн зэвсэг ашиглан хүн төрөлхтний эсрэг гэм нүгэл үйлдвэл, тэр болон түүний цэргийнхэнд хатуу хариуцлага ногдуулах болно” гэсэн байна.

Энэхүү мэдээллийг ч Сирийн Засгийн газар үгүйсгэж байгаа. Гэсэн хэдий ч, АНУ-ын Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга Жэймс Маттис Сирийн цэргийнхэн Иблибын Хан Шейхунд химийн зэвсэг ашигласан нь эргэлзээгүй  гэдгийг онцоллоо. Үүнээс гадна Израйлын арми ч Ассадын дэглэм одоо ч хэдэн тонноор хэмжигдэх химийн зэвсгийг нөөцөлж байгаа гэх судалгаа шинжилгээний дүнг нэгтгэн мэдээлсэн аж.

Энэ мэтээр Сирид дахин химийн зэвсэг ашигласан тохиолдол гарвал АНУ-ын тал үг дуугүй хариу арга хэмжээ авна гэдгээ хатуу анхаарууллаа.  Гэвч, үүнтэй холбоотойгоор Сирийн Засгийн газартай ойр харилцаатай байдаг ОХУ болон АНУ-ын Засгийн газрын хоорондын харилцаа улам хурцдаж магадгүй байгааг “BBC” агентлаг уламжиллаа. ОХУ-ын тухайд 2015 оноос хойш терроризмын эсрэг тэмцэлд нэгдэн, Ассадын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх болсон.

Харин АНУ Сирийн Засгийн газрыг урьдын адил олон улсын хууль дүрмийг зөрчиж байна хэмээн буруутгаж буй бөгөөд саяхан гэхэд Сирийн байлдааны онгоцыг буудаж унагасан удаатай. Сирид зургаан жил үргэлжилж буй дотоодын иргэний дайны улмаас 300 мянга гаруй хүн нас барж, таван сая орчим хүн орон гэрээ орхин дүрвэжээ.


Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus