Мисс А.Баярцэцэг Москвагийн кино наадамд оролцлоо

Москвагийн 39 дэх удаагийн олон улсын кино наадам энэ сарын 22-ны өдөр эхэлж, их наадмын нээлтийн улаан хивсний ёслол мөн өдрийн 19.00 цагт Москва хотын “Россия” кинотеатрт  боллоо.

Их наадмын нээлтийн улаан хивсний ёслолд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, наадмын хөтөлбөрт орсон монголын уран сайхны “Явуулын хүн” киноны Ариунаагийн дүрийг бүтээсэн жүжигчин, мисс А.Баярцэцэг нар оролцсон байна.

Манай улс 1959 онд анх удаа зохиогч Ч.Ойдов, найруулагч Д.Жигжид нарын бүтээл “Ардын Элч” киногоор Москвагийн олон улсын кино наадамд оролцож, Ариунаад тоглосон жүжигчин П.Цэвэлсүрэн шилдэг эмэгтэй дүрийн мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй. Энэ удаагийн наадамд “Дижитал Контент” дистрибьютр компаниас нэр дэвшүүлсэн найруулагч Д.Баярсайхан, продюсер О.Урантуяа нарын бүтээл “Явуулын хүн” уран сайхны кино тус наадмын “Уралдаант бус” хөтөлбөрийн “Русский след” хэсэгт сонгогдсон нь манай улсын орчин үеийн кино урлагийн түүхэнд анх удаа тохиож буй тэмдэглэлтэй үйл явдал болов.

Москвагийн 39 дэх удаагийн олон улсын кино наадмын үзэгчдэд “Явуулын хүн” уран сайхны киног танилцуулахаар киноны уран бүтээлчдийг төлөөлж Москва хотод хүрэлцэн ирсэн гүйцэтгэх продюсер Б.Мэндсайхан, жүжигчин А.Алтантөр, А.Баярцэцэг нарыг Москва дахь ЭСЯ угтан авч, тэдэнд бүх талын дэмжлэг үзүүлж, кино наадмын зохион байгуулагчидтай хамтран ажиллаж байна.

Их наадмын хөтөлбөрийн дагуу “Явуулын хүн” киног Москва хотын нэр хүндтэй “Октябрь” кинотеатрт энэ сарын 25-ны өдөр үзэгчдэд толилуулах үйл ажиллагаа болов. Тус киног Москва дахь монгол иргэдийн сацуу, кино урлагийн шүүмжлэгч, сэтгүүлчид зэрэг цөөнгүй оросын үзэгчид үзэж, киноны төгсгөлд уран бүтээлчидтэй уулзах үеэр сэтгэгдлээ хуваалцаж байв.

Энэхүү арга хэмжээнд их наадмын хөтөлбөрийн захирал, кино судлаач, кино шүүмжлэгчдийн холбооны Ерөнхийлөгч Кирилл Разлогов болон Турк, Хятад, Иран, Итал, Япон,  Англи, Болгар, Эстони, Украйн зэрэг орны кино урлагийн салбарын уран бүтээлчдийн төлөөлөл болох 20 шахам хүн оролцсон бөгөөд “Явуулын хүн” киног үзээд нүүдэлчний ахуй соёл, зан заншлыг харуулсан, эерэг сайхан кино болсон байна хэмээн талархал илэрхийлжээ.









 

Бусдад түгээх
  • gplus