Ерөнхий сайдын Санкт-Петербург хотноо хийсэн яриа, хэлэлцээ биеллээ олж эхлэв

ОХУ-ын Санкт-Петербург хотноо энэ сарын 1-3-ны өдрүүдэд зохиогдсон Петербургийн олон улсын эдийн засгийн форумд  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцох үеэр хүрсэн тохиролцоо, шийдвэрүүд бодит ажил хэрэг болж, үр дүнгээ өгч эхэллээ. Тухайлбал, форумын үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачев нарын гарын үсэг зурсан “Монгол Улсад ОХУ-аас хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай хэлэлцээр”-ийн дагуу тус улсаас малын шүлхий өвчний эсрэг 4.1 сая тун вакциныг ирэх сарын II хагаст багтаан нийлүүлэх шийдвэрийг оросын тал гаргажээ.

Түүнчлэн, форумын хүрээнд зохиогдсон хоёр орны Хөдөө аж ахуйн сайд нарын уулзалтын үеэр тохиролцсоны дагуу Монгол Улсад ОХУ-аас хөдөө аж ахуйн машин, тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй зээлээр нийлүүлэх шийдвэрийг оросын тал мөн гаргаж, холбогдох ажлыг ирэх сард багтаан гүйцэтгэх болсон байна. Хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулах уг шийдвэрийг ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал О.В.Гаршина энэ сарын 23-ны өдөр тус Элчин сайдын яамны байранд хүрэлцэн ирж, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаад гардуулжээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын ОХУ-ын Санкт-Петербург хотноо хийсэн айлчлалын үр дүн ийнхүү гарч эхэлсэн нь хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, цаашдын бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх таатай нөхцлийг бүрдүүлж байна.

Эх сурвалж: ГХЯ

Бусдад түгээх
  • gplus