Даатгалынхныг өөгшүүлж болохгүй

Монгол  Улсад  эдүгээ эрсдэл үүрэлгүйгээр ашиг олж байгаа салбар бол даатгал.   Энэ салбар хувийн хэвшил рүү шилжсэнээр  байшингийн булан тохой бүрт даатгалын компаниуд  байгуулагдсан.  Борооны дараахь мөөг  шиг л.   Даатгалын тухай хууль  1997 онд шинээр батлагдахад  ердөө  өсөн аж ахуйн нэгж  Сангийн сайдаас үйл ажиллагаа  эрхлэх зөвшөөрөл авсан байдаг бол эдүгээ  энэ тоо 26 болсон байх жишээтэй.  Тэр үед   даатгалын компанийн дүрмийн сан  100 сая төгрөг байсан бол өдгөө  ердийн даатгалын компаний дүрмийн сангийн доод хэмжээ таван тэрбум, урт хугацааны буюу амьдралын даатгалын компанид зургаан тэрбум,  давхар даатгалынх  15 тэрбум төгрөг болж өсчээ.  

 Эл тоон үзүүлэлтээс  тус салбарт тавигдах шаардлага  өндөрссөнийг харахаас  илүүтэй мөнгөтэй хүний эрхэлдэг бизнес  гэдгийг анзаарч болно.  Нөгөөтэйгүүр,  даатгалын хураамжийн хэмжээ  зах зээл дэх эрэлтээ дагаад байнга нэмэгджээ.  Жишээ нь, 2009 онд даатгалын хураамж  15 хувь байсан бол  2012 оноос  60 гаруй хувь болж  өссөн байх жишээтэй.  Нөгөөтэйгүүр, даатгалынхан юунаас ашиг унагахаа маш сайн мэддэг.

Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хогшил, орон сууц, агаарын хөлгөөр зорчсон тохиолдол бүрт авах амь насны даатгал тэр чигээрээ компаний ашиг болдог байна.   Дээр нь  Жолоочийн хариуцлагын даатгал, тээврийн хэрэгслийн албан журмын даатгалыг нэрлэж болно.

Тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхийн хэрээр компаний эздийн  халаас түнтийдэг. Тодруулбал,  даатгалын компаниуд хураамжийн 100 төгрөг тутмын 43 төгрөгийг нөхөн төлбөр,  ажилчдын цалин  нийгмийн даатгал, татвар болон бусад зардалд  төсөвлөж,  үлдсэн  57 төгрөгийг  цэвэр ашиг гэж үздэг байна. 

Өнгөрсөн жилийн байдлаар 540  мянган иргэн тээврийн хэрэгслийн болон жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаж,  тэднээс 31 мянган иргэн  нөхөн олговор авсан байна.  Харин иргэдийн даатгалын талаархи  ойлголт Жолоочийн хариуцлагын даатгал төдийхнөөр хэмжигдэг нь нууц биш.  Амь нас, эрүүл мэндээ даатгасан иргэдээс эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэдийн  дөнгөж найман хувь нь л нөхөн төлбөрөө авчээ. 

Энэ нь өөрийн зардлаар хилийн чинадад мэс засал хийлгэсэн иргэд эх орондоо эргэж ирсэн хойноо гаргасан зардлынхаа 30 хувийг эргүүлж авсан  үзүүлэлт.  Дашрамд өгүүлэхэд, ийм тохиолдлын  нөхөн төлбөр  барагтай л бол тухайн жилдээ багтаж олгогддоггүй гэдгийг хэлэх нь  зөв байх. Харин  жолоочийн хариуцлагын болон тээврийн хэрэгслийн даатгалд хамрагдсан иргэд завтай болоод хөөцөлдлөгөө сайтай бол сарын дотор нөхөн олговроо олж авч чаддаг. 

Жолоочийн хариуцлагын тухай хууль    хэрэгжиж эхэлснээр тээврийн хэрэгсэл эзэмшигч хүн бүр албан журмаар даатгалд /Жилийн  хураамж тээврийн хэрэгслийн машин,  үйлдвэрлэгдсэн оноос  хамаарч  33 мянган төгрөг/  хамрагдах болсон. Харамсалтай  сайн дураараа биш албан хүчээр даатгуулж буй. Даатгалаа хийлгээгүй   жолоочийг Замын цагдаа зогсоон торгодог.  Эл үйлдэл цаад утгаараа  төр мөнгөтэй  аж  ахуйн нэгжид үйлчлээд байгаа юм шиг сэтгэгдлийг иргэдэд төрүүлэх нь бий.  Гэвч асуудлыг нөгөө өнцгөөс харах гэж оролдоё. 

Шулуухан хэлэхэд, даатгалын компаниуд иргэдийн  халаас руу өнгийх болохоороо байдгаараа  бөхийдөг атлаа өгөх  дээрээ тулахад  гурван өдөр явуулах цаашлаад ажлын   14-21  өдөр хүлээх хэрэг гардаг байна.  Энэ асуудал нөхөн олговор дээр байнга  тохиолддог.   Мөн  жолооч машинаа өөр хүнд худалдах тохиолдолд Жолоочийн хариуцлагын даатгал хийлгэсэн газрынхаа заавал төв дээр нь очих шаардлагатай байдаг. Тэр төв дээр нь очиж шилжүүлж, зөрүүгээ авах ёстой. Гэтэл зөрүүг нь бодож өгдөггүй байна.  Эд зүйл ч ялгаагүй.

Орон сууц, хашаа байшин,  газар,  авто машин  зэргээ  эдийн засгийн эргэлтэд оруулж, банк болон банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьж, тухайн компаний нэр дээр шилжүүлсэн тохиолдолд өмнөх даатгал хүчингүй болж, тухайн банк болон банк бус байгууллагын харьцдаг даатгалын компаний даатгалд хамруулах шаардлага тулгардаг.

Тодорхой хугацааны дараа өөрийн нэр эргүүлэх шилжүүлэхдээ ч дахиад л даатгал хийлгэх учиртай. Хамгийн гол нь даатгалын зөрүүг даатгалынхан аль болох төлөхгүйг хичээдэг нь нууц биш.   Тэр бүү хэл, өмнөх жил нь осол гаргаж, нөхөн төлбөр авсан тохиолдолд  дараа жил нь хураамжийн хувиа нэмж 58 мянган төгрөг болсон байдаг.  Бас нэгж нэмж хэлэх зүйл бол даатгалд хамрагдаж байгаа иргэд гэрээгээ заавал унших ёстой.

Үйлдвэрлэлийн буруугаас болж гарсан гэмтэлд / шатсан/ тохиолдолд нөхөн олговор олгохгүй байх магадлал өндөр. Энэ мэтчилэн ямар тохиолдолд мөнгө гаргахгүй байх, ямар салбартай  гэрээ хийж, хамтарч ажиллахгүй байхаа тэд сайн мэддэг. Тухайлбал өндөр үнэтэй тоног төхөөрөмж ашигладаг уул уурхайн компаниудтай эрсдлийн болоод тоног төхөөрөмжийн гэрээ хийх сонирхол тэдэнд байхгүй. Иймэрхүү  маягаар даатгалын компаниуд ажиллаж,  ядарсан иргэдийн халаас руу өнгийж байна даа.   Иргэдийн өмнө бөхийж мөнгийг нь авсан шигээ эргүүлээд өгдөг бол ярих зүйл байхгүй ээ. Даанч ...,

Монголын мэдээ
Ч.Чулуун

Бусдад түгээх
  • gplus