Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд идэвхтэй оролцохыг уриаллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Хан-Уул дүүргийн 1918 дугаар хэсэг дэх санал авах байранд очиж, саналаа өглөө. 1918 дугаар хэсэгт нийт 2837 иргэн санал өгнө. Өдрийн 12 цагийн байдлаар 489 сонгогч саналаа өгч, ирц 18.5 хувьтай байгааг тус хэсгийн ахлах зохион байгуулагч Б.Төмөрбаатар хэллээ.

Хотын дарга С.Батболд “Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд нийслэлийн хэмжээнд 930 гаруй мянган сонгогч санал өгнө. Одоогийн байдлаар 20 гаруй хувь нь өгсөн байна. Иргэдийн маань идэвх сайн байна гэж харж байна. Нийслэлийн төр захиргааны байгууллагууд хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу сонгууль явагдах бүх бэлтгэлийг хангасан.” хэмээгээд нийт иргэд, сонгогчдоо Үндсэн хуулиар хүлээсэн эрхээ эдэлж, үүргээ биелүүлэн сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus