Монголчууд өнөөдөр тав дахь Ерөнхийлөгчөө сонгоно

Ерөнхийлөгч гэргийн хамт Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад оролцлоо. Тэрбээр энэ үеэр ард иргэддээ хандан сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа. Мөн цахим ертөнцөд саналаа өгсөн иргэд ч сонгуульд идэвхтэй оролцох уриалгыг дэвшүүлж байна. Өглөөний 07.00 цагаас эхэлсэн санал хураалтын үйл ажиллагаа оройн 22.00 цаг хүртэл үргэлжилнэ. Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх нь сонгогч бидний хуулиар хүлээсэн иргэний үүрэг. Иймээс иргэн бүр үүргээ ухамсарлаж, биелүүлснээр бид өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 7 дахь удаагийн сонгуулиар 5 дахь Ерөнхийлөгчөө сонгоно. 

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай гурван нам өрсөлдөж байгаа. МАН-аас  УИХ-ын дарга М.Энхболд, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАХН-наас УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нарыг нэр дэвшүүлсэн. 

Үндсэн хуульд “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн,  Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэж тунхагласан. Монгол Улсын  Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлж,  Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн үүргийг гүйцэтгэдэг.  

Төрийн тэргүүнээ сонгохоор төсвөөс  14 тэрбум төгрөг төсөвлөн зарцуулж байна. Иймээс иргэн бүрийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. 

Сонгогч та хурууны хээ, иргэний үнэмлэхийн лавлагаагаар  харьяа сонгуулийн хэсгийн хоорондоо очиж, саналаа өгөхөөр яараарай.

П.ГОО 
Оллоо.мн 

 

Бусдад түгээх
  • gplus