Сонгогчдын нэрийн жагсаалтад ямар ч маргаан байхгүй гэв

Өчигдөр Ардчилсан намаас нийслэлийн 360 гаруй мянган сонгогчийн овог, нэр, хүйс ижил байна гэсэн мэдээлэл хийсэн. Үүнтэй холбогдуулан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас сонгогчдын нэрсийн жагсаалтын асуудлаар сэтгүүлчдэд дахин мэдээлэл хийлээ.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү “Монгол Улсын Иргэний бүртгэлийн сан маш өндөр нууцлалын зэрэгтэй, тагнуулын байгууллагын хамгаалалтад байдаг. Овог, нэр нь ижил олон сонгогч бий. Тухайлбал, Ганболдын Солонго нэртэй, эмэгтэй 66 сонгогч байгаа юм. Эдгээр иргэдийн нэр давхцаж байгаа хэдий ч регистерийн дугаарууд нь бүгд өөр өөр. Хурууны хээ уншуулаад дараа нь дахин тэмдэглэгээ хийж байгаа учраас нэг хүн 2 удаа санал өгөх ямар ч боломжгүй.

Түүнчлэн өчигдөр орой нас барсан хүнд санал өгөх урилга ирлээ гэсэн мэдээлэл ирсэн. Бид зургадугаар сарын 15-ны өдрөөр тасалж сонгогчдын жагсаалт гаргасан. Гэтэл өнөөдрийг хүртэл нас барсан иргэд бас байгаа учраас 10 гаруй иргэдэд урилга очсон байна. Сонгогчдын нэрийн жагсаалтад ямар ч маргаан байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.  

Нийслэлийн хэмжээнд овог, нэр, хүйс ижил 106842 сонгогч 2-72 удаа давхардаж, 359393 сонгогчийн мэдээлэл сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй байгаа аж.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus