Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн инкубатор төв нээгдлээ

Солонгос улсын хамтын ажиллагааны байгууллага, КОЙКА-гийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сан хамтран Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Тус төв байгуулагдан үйл ажиллагаа эхлүүлснээс хойш 4 мянга гаруй бизнес эрхлэгч эмэгтэй олон талын зөвлөгөө, сургалтанд хамрагдсан байна. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд төвийн үйл ажиллагаанд хамрагдаж, тогтмол зөвлөгөө, мэдээлэл, дэмжлэг авснаар бизнест нь мэдэгдэхүйц эерэг үр дүн гарах болжээ. Тиймээс тус төвийн үйл ажиллагааг өргөжүүлж, төвийн дэргэд “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн инкубатор төв”-ийг өнөөдөр нээлээ.

Энэхүү бизнес инкубатор төв нь жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд ур чадвараа нэмэгдүүлж, бизнесээ өргөжүүлэх, харилцан санал, туршлага солилцоход зориулж, оёдол, гар урлал, талх нарийн боов, компьютерийн танхимыг тохижуулсан байна. Мөн үйлчлүүлэгч эмэгтэйчүүдийн хүүхдүүдэд зориулж тоглоомын өрөөг ч бий болгожээ. Түүнчлэн нийслэлээс жижиг дунд үйлдвэр эрхлэгчиддээ зориулан зах зээлийн уян хатан бодлогыг хэрэгжүүлж, үйлдвэрлэлийг дэмжихээр “Улаанбаатарт үйлдвэрлэв” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.

Хотын дарга хэлэхдээ “Нийслэлийн Засаг даргын 2020 он хүртэлх мөрийн хөтөлбөрт бизнес инкубатор төвүүдийг Улаанбаатар хотод бий болгож, бизнес эрхлэгч иргэдээ дэмжих заалт туссан. Дүүрэг бүрт бизнес инкубатор төв ажиллаж байгаа. Энэ төвүүд дээр бизнесээ эхэлж байгаа залуус, эмэгтэйчүүд гээд бүх насныхан бизнесээ бойжуулсан. Олон хүн амьдрал ахуйгаа дээшлүүлсэн. Өнөөдрийн энэ төв бол дүүргүүдэд ажиллаж байгаа инкубатор төвүүдийг удирдан чиглүүлэх төв нь болох юм. Бизнес эрхэлж, амьдралын ачааг үүрч байгаа эмэгтэйчүүдээ дэмжих нь Засаг даргын барьж байгаа бодлогын гол үүрэг гэж үзэж байна” гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus