Хүүхэд багачуудын боловсролд хувь нэмэр оруулах хөтөлбөрүүдийг баталлаа

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр, Спорт өрөлтийн хөтөлбөрийг зарим цэцэрлэгт туршилтаар хэрэгжүүлэх тухай, Олон улсын хөтөлбөрийн сургалттай сургууль байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж, дэмжив.

Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн зорилго үндэсний өв уламжлал, ёс заншилтай хослуулж нийслэлийн хүүхэд бүрийг эрүүл чийрэг бие бялдартай, боловсролтой, амьдрах ухаантай, эх оронч, бүтээлч иргэн болгон төлөвшүүлэх олон талт үйл ажиллагааг дэмжихэд оршиж байгаа юм байна. Уг зорилгын хүрээнд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, бие даах чадвар ба  төлөвшил, чөлөөт цагийн хөгжил гэсэн 4 үндсэн зорилт тавин ажиллаж байгаа талаар нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий танилцууллаа.

Олон улсын хөтөлбөрийн сургалттай сургуулийг бий болгох талаарх асуудлыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.5 дахь заалтыг үндэслэн боловсруулжээ. Уг хөтөлбөрийн зорилго нь захын хороололд чанартай сургуулийг байгуулж, төвлөрлийг сааруулахад оршиж байгаа юм.

Эдгээр асуудлыг хэлэлцэн баталсныхаа дараагаар НИТХ-ын дарга Ц.Сандуй “Монгол Улсын иргэн ямар хүн болон төлөвших асуудал сүүлийн жилүүдэд орхигдоод байгаа. Тодруулбал, 1990 оноос хойш үндсэндээ эрүүл мэнд, боловсролын салбар хаягдсан гэж ойлгож болно. Үүний үр дүнд өнөөгийн залуучуудын боловсролын түвшин, нийгмийн сөрөг нөхцөл байдал,  бухимдал бий болсоор байна. Тиймээс бид үүнийг засах ёстой. Өнгөрсөн хугацаанд маш олон төсөл хөтөлбөр хэрэгжсэн. Үр дүнгээ өгөх нэг нь өгсөн л байх. Бид өнөөдөр Монгол Улсын ирээдүйн хөгжлийн түлхүүр болсон хүүхэд багачуудынхаа боловсролд хувь нэмэр оруулахаар боловсруулсан төсөл, хөтөлбөрүүдийг хэлэлцэж баталлаа. Холбогдох албан тушаалтнууд үүнд идэвхтэй, анхааралтай хандаж хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд тогтоолын төслийг холбогдох удирдлага, албан тушаалтнуудад уншиж танилцуулав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus