Гурван сая хүнийг үймүүлсэн гурван нэр дэвшигч
Ерөнхийлөгчийн сонгуулийн  сурталчилгааны сүүлийн өдрүүд эхэлж байна. Гуравхан нэр дэвшигчийн дунд өрнөсөн тэмцэл гурван сая монголчуудыг тэр чигээр нь залхааж, айдас хүйдэс, бас жигшил, зэвүүцэл дагууллаа. Энэ өдрүүдэд нарны халуун, насны халуун, намын халууралд өртсөн  залуучуудын сошиал хэрүүл, бие биенээсээ дээр гарах гэсэн тэмцэл өрнөв. Монголчууд Ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш УИХ-ын найман сонгууль, Ерөнхийлөгчийн найман сонгууль өгцгөөсөн. Гэвч энэ удаагийн сонгуулийн сурталчилгаа бусад бүх сонгуулиас илүү  хэрүүл, тэмцэлтэй, басхүү  увайгүй  өрнөж байна. Тиймээс энэ удаагийн сонгуулийн дуулиан тарьсан хар пиарууд, бараан мэдээллүүдийг онцолж байна.
 

ХУВЬДАА СОНГУУЛИЙН МАШИНТАЙ БОЛОХ САНААРХАЛ

 

Монголын баячууд баян. Тэдний зогсоол дээр дэлхийн тэрбумтнуудын унадаг өндөр өртөгтэй, дэгжин чамин машинууд эгнээтэй бий. Гэтэл энэ удаагийн сонгуулиар санал хураалтад ашигладаг хар машинтай болохыг зарим нэг баячууд санаархав. Санал тоолдог том хар машиныг гэрийнхээ хойморт тавьчихаад, эхнэр хүүхдүүдийнхээ саналыг авч зугаацахаар хэдэн зуун саяын үнэтэй санал тоолдог машин авах гэж оролдоогүй нь ойлгомжтой. Гэтэл Х.Баттулга нэр дэвшигчийн зөвлөх, “Нью Яармаг Хаусинг Прожект” ХХК-ийн ажилтан Мижиддоржийн Удаанжаргал гэх залуу АНУ-ын “Доминион вөүтинг системс” компаниас сонгуулийн санал тоолдог хар машин худалдаж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн имэйл илгээжээ. “Женко” Х.Баттулгын гар хөл болсон Мижиддоржийн Удаанжаргалын имэйлд “Бид танай цахим хуудаснаас танай бүтээгдэхүүнтэй танилцаж судаллаа. Бүх гурван загварууд манай шаардлагыг хангаж байна. Бид шийдвэрээ гаргахын өмнө бүтээгдэхүүний үнийг мэдэхийг хүсэж байна. Тиймээс бүтээгдэхүүн тус бүрийн үнийн саналыг тээврийн зардлын хамт явуулна уу. Түүнчлэн дараах зүйлийг тусган бичихийг хүсье:

1.    Үнийн саналд худалдааны татвар орсон эсэх

2.    Хэрвээ бүтээгдэхүүний үнэд тээврийн зардал багтсан бол энэ талаар тодорхой бичих

3.    Төлбөрийн нөхцөл зэрэг болно

Хүндэтгэсэн: Удаанжаргал Мижиддорж” гэжээ. “Нью Яармаг Хаусинг Прожект”  ХХК-ийг Ууганбаяр хэмээх эрхэм удирддаг. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр Ууганбаяр нь “Женко” Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажилладаг ажээ. Уг агуулгыг гүнзгийрүүлэн хөөвөл М.Удаанжаргал гэдэг нөхөр сонгуулийн санал тоолдог хар машин худалдаж авах гэсэнгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч “Женко” Х.Баттулга луйвраар ч байсан хамаагүй ялахын тулд өөрийнхөө хөрөнгөөр санал тоолдог хар машин худалдаж авахыг санаархсан болж таарах нь. Бас л том зориг шүү.


БОСОО 50 САЯЫН ӨМНӨ БӨХИЙВ

 

Мөнгө хүчтэй гэдгийг энэ удаагийн сонгууль харууллаа. Байнга шударга ёс ярьж, МАНАН арилна, нар мандана. МАНАНГ арилгах төлөвлөгөө надад байна. Монгол босно хэмээн өөрийгөө рекламдаж яваа МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатар МҮҮН-ий шашины гол төлөөлөгч болох нь илрэв. Тэр ч бүү хэл Солонгосчуудыг харж хандаж, тусалж явна хэмээн амлаж, 50 сая төгрөг авч байгаа нь нотлох баримттайгаар гарч ирж, мань эрийг тун эвгүй байдалд оруулаад байна. Түүний энэ үйлдэл өөрөө хууль зөрчсөн, хахууль авсан, хариуцлага хүлээх ёстой гэмт хэрэг гэдгийг хуульчид анхааруулж байгаа юм.


“УРТ ХУТГАТ” Х.БАТТУЛГЫН ТОЛГОЙ ТАСДАХ ТӨЛӨВЛӨГӨӨ


Сэтгүүлч А.Баатархуягийн “Урт хутгат Тулга, Улаан нүүрт Ми Еэ ба Урвагч долдой Фэн Шүйтэй хэлэлцсэн шастир” хэмээх мундаг урт гарчигтай нийтлэлээр Х.Баттулга сонгуулийн сурталчилгаагаа эхлэв. “Урт хутга” хэмээх энэ нэр Германы түүхэнд бараан өнгөөр бичигдсэн, аймшигт аллагаас үүдэлтэй. Тухайн үед улс төрийн эрхийг дөнгөж аваад байсан Адольф Гитлер өөрийн эрх мэдэл, хүч нөлөөнд саад учруулсан гэх шалтгаанаар өөрийн намын жигүүр, нэгдлийн зуу зуун хүн төдийгүй тэдний дэмжигчдийг гуравхан хоногт хөнөөсөн түүхтэй. Энэ аймшигт үйл явдлыг түүхэнд “Урт хутгатуудын шөнө” гэж тэмдэглэсэн байдаг. Өөрийгөө “Урт хутгат” гэж нэрлэсэн Х.Баттулга яг сонгуулийн сурталчилгаа хэлэхийн өмнөхөн өөрийнхөө эзэмшлийн С1 телевизээр “Улаан тарианы хүүхдүүд” нэртэй нэвтрүүлэг цацаж шуугиан тарив. Олон улсын тоймч Ш.Гантулга “Монголын нийгмийг цэвэрлэхийн тулд 200 хүний толгойг тасдаж, Монголчууд түүнийгээ тойрон бүжиг хийх хэрэгтэй” гэж жишим ч үгүй хэлж, үзэгч олныг сэрдхийлгэж, олон хүнийг цочоолоо. Урт сэлэм барин хүмүүсийн толгойг тасдаж, цус үсэрч байгаа энэ бичлэг цацагдсны дараахан  араас өөрөө урт ташуур барьсаар “Монгол ялна” гэсэн уриа лоозонгоо хашгирсаар гарч ирэв.  Монгол хүн ташуур барьж айлд орохыг хүртэл цээрлэдэг. Гэтэл АН-ын эрхэм нэр дэвшигч, толгой таслах ухуулгынхаа араас ташуур барин тэмцэнэ, ялна гэсэн үгээр бамбай хийн хаа сайгүй хашгирч явна. Х.Баттулгын хувьд айлгах тактик хэрэглэж байгаа ч энэ удаа дооз нь хэтрээд алуурчны дүрд хувилж орхив бололтой.
 

ХЭРГЭЭ ХҮЛЭЭСЭН ЦУС ШИНЖЭЭЧ

 

Сонгууль бүрээр Монголчууд бие биенийхээ удам судрыг сөхөж, хятад гарал үүсэлтэйг нь нотлох гэж улааран зүтгэдэг. Энэ хуучирсан гэж болох аргыг энэ удаа ч мөн л давтав. Гэхдээ хамгийн бүдүүлэг, хамгийн баримт нотолгоогүйгээр гаргаж ирэв.  Ш.Түвдэнбалжир гэгч эр  хар цагаан сүлэлдсэн студид сууж байгаад “Сү Шү Жан хүрээг эзлэхдээ 10 000 хужаа дагуулж ирсэн. Тэдний нэг нь М.Энхболдын өвөг эцэг байсан. Нэг охин төрөхөд Цэ Дун буюу Цэдэв гэж нэрлэсэн” хэмээн ярьж том онигоонд оров. Түүний энэ нэвтрүүлэг цацагдсны дараа  Монгол нэрийг хятадчилах аян тэр дороо өрнөж “Та ямар хятад нэртэйгээ мэдэх үү” гэсэн апп хүртэл зохиогдов. Үнэндээ энэ бол инээд биш ханиад байлаа. Ш. Түвдэнбалжир гэгч энэ этгээд тун удалгүй  "Би тэдгээр хүмүүсээс, М.Энхболд болон ээжээс нь албан ёсоор уучлалт гуйна. Тэр бичлэгийг Херогийн студид хийсэн” хэмээн мэдэгдсэн юм.
 

ДОРЖИЙГ ЗОДЧИХОВ УУ, ДОРЖООР ЗОДУУЛЧИХАВ  УУ?

 

АН болон МАХН-ын хар пи арчид өрсөлдөгч болох М.Энхболдыг харлуулах аргаа олох гэж тун их хичээж байгаа бололтой. Хятад гэхээр батлагддаггүй, батлаад ярьсан хүн  нь хэргээ хүлээчихсэн учраас аргаа барахдаа хуучин 60 тэрбумынхаа хэргийг дахин сөхлөө. Өнгөрсөн УИХ-ын сонгууль, Орон нутгийн сонгууль гээд хоёр ч сонгуульд 60 тэрбумын хэрэг гэгч бичлэгийг тэд ашигласан. Ямар ч амжилт олж чадаагүй энэ бичлэгийг дахин сөхөж гаргалаа. Гэвч бас л амжилт олж чадсангүй. Г.Доржзодов гэгч нөхрийг хамгаалалтад авахгүй бол болохгүй хэмээн найз нар нь мэдэгдэж, цагдаа нар гэрийнх нь үүдэнд очиход сэтгүүлч Л.Мөнхбаясгалан таарсан юм байх. “Би бол худалдагдаагүй ганц сэтгүүлч” хэмээн өөрийгөө рекламдах Л.Мөнхбаясгалангийн шууд сурвалжлагад Х.Баттулгын бүх пи арчид өртөж орхих нь тэр. Шударга ёс ярьж, хууль дүрэм хэлж сүр бадруулж байгаа өнөөх Г.Доржзодов гэгч этгээд нь баг өмсөөд дэлгүүр дээрэмдэж, ял сонсож, хүний гар утас хүртэл хулгайлаад баригдсан. Жинхэнэ нэрээ нууж, Болд гэх нэрээр амьдардаг, реклам сурталчилгааныхаа мөнгийг хүртэл төлөхгүй зугатаадаг, жинхэнэ жижиг гарын хулгайч болох нь тогтоогдож, рейтинг нь овоо өсөж байсан Х.Баттулгын нэр хүндийг навс унагалаа. Уг нь Доржоор М.Энхболдыг зодуулах санаатай байсан хүмүүс өөрсдөө өнөөх Дорждоо зодуулаад дуусав бололтой.
 

ЭВЛҮҮЛЭГ ХИЙХ УРАЛДААН

 

Энэ удаагийн сонгуульд сошиал орчинг илүү онцлов. Жиргээчид, нүүр номчид үндсэндээ гурван хэсэгт хуваагдан хорь гаруй хоногийг талцаж хэрэлдсээр тун ч зугаатай өнгөрүүллээ. Олон нийтийн цахим сүлжээнд өрнөсөн хэрүүл тэмцэлд намууд ч ач холбогдол өгч, эвлүүлэг, монтаж хийх том уралдаан зарлагдав. Энэ уралдаанд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга түрүүлж байгаа бололтой. М.Энхболд өөрийгөө дэлхийд нэртэй улс төрч гэж зарлаад их гүрнүүдийн том, том удирдагч нартай авахуулсан зургаараа сэтгүүлийнхээ хавтасыг чимэглэж орхисон нь түүний атаархалыг хөдөлгөсөн бололтой. Тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин шиг удирдагч болно” хэмээн зарлахаар бэлтгэл ажилдаа орж, В.Путинтай гар барьсан зургаа сонинд хэвлүүлжээ. Гэвч энэ зураг эвлүүлэг бөгөөд үүнийг  нь Оросын сэтгүүлч нар олж мэдээд, дэлхийгээр нэг цацаж, хөөрхий муу Монголчуудыг  шоолцгоов. Мэдээллийн asiarussia.ru сайтын сэтгүүлч Максим Бакулев эвлүүлгийн эрдэмд гаршсан нэгэн нэр дэвшигчийн штабаас ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг сурталчилгаандаа хэрхэн ашиглаж байгаа тухай егөөтэйхэн нийтлэл бичжээ. Энэ нийтлэлийг NewsBabr.com зэрэг хэд хэдэн онлайн хэвлэл дамжуулан нийтэлсэн байна. Уг нийтлэлд  “Оросын ерөнхийлөгч Владимир Путин бол өвөрмөц, хатуу чанд хүн. Оросын ерөнхийлөгчийг санасан зоргоороо “ашиглаж”, бас түүгээрээ гайхуулж чадах хүн тийм ч олонгүй биз. Харин Монголын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн нэгэн эрхэм ингэж зүрхэлсэн л байгаа юм” хэмээн онцолжээ.
 

ХАР ЦООХОР ДЭЭЛ, ТАШУУР

 


Энэ сонгуулийн тренд өнгийг Х.Баттулга гаргаж ирлээ. Хар цоохор дээл өмсөж, цагаан малгай духдуулан, ташуур барьж явсан Х.Баттулга өөрийг нь дэмжигч 50 гаруй залууд ижилхэн хувцас захиалж оеулжээ. Хар цоохор цамц, цагаан малгай, ташуур барьсан баахан залуучууд дунд мань эр сүртэй ч гэж жигтэйхэн. Гэвч иймэрхүү үзэгдлийг Солонгос, Хятадын мафитай киноноос л олж хардаг  Монголчууд Х.Баттулгыг уухайлан дэмжих бус харин гайхаж, шоолцгоов. “Монголын улс төрд таарах пиарын жор байдаггүй” гэж үнэн бололтой.
 

ЭВТЭЙ МОНГОЛ ЯЛАХ УУ, ЭВГҮЙ МОНГОЛ ЯЛАХ УУ

 

Энэ удаагийн сонгуулийн гол сурталчилгаа АН, МАН хоёрын дунд өрнөж байгаа. Х.Баттулга өрсөлдөгчөө хятадын эрлийз хэмээн зогсоо чөлөөгүй балбаж, “Монгол ялна” гэсэн уриагаа газар сайгүй зоосон. Гэвч түүний хамгийн том пиарыг яг сурталчилгаа хаахын өмнөхөн М.Энхболдын талынхан эвдэж  “Эвтэй Монгол ялна” хэмээн уриагаа тодотгов. Х.Баттулгын хувьд өмч хувьчлал, хятад эзэн, оффшор компани, төмөр зам, Сайншандын аж үйлдвэрийн парк гээд бүх булхай нь дэлгэгдэж,  энэ бүхний өөдөөс хариулт өгч чадахгүй сандарч байх үед М.Энхболдынхон сонгуулийн уриагаа өөрчилж орхисон нь түүнийг бас л бухимдуулж байгаа бололтой. Х.Баттулгыг эвгүй гар гэдгийг нь нотолж өгсөн МАН-ынхан одоо эвтэй Монгол ялна уриатайгаар сонгуулиа дуусгах нь.


СҮҮЛЧИЙН ГРАНАТ ХЭНИЙХ БАЙХ ВЭ


Иймэрхүү паянтайгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа дуусах гэж байна. Гэвч үлдсэн хоёр хоногт улайрсан нэр дэвшигчдийг уухайлсан пиарчид зүгээр суухгүй нь лавтай. Энэ хоёр хоногт  тэд хамгийн том сенсаациа тарьж, бие биеэ гүжирдэж, гүтгэж, юу ч хийж мэднэ. Хэнийх нь энгэр дороос ямар гранат гарч ирж, яаж дэлбэрэхийг харах л үлдлээ. Баячууд зодолдоход барлагийн биенд цус үсэрдэг гэсэн гашуун үг бий. Нэр дэвшигчдийн улайрсан хийрхэлд  хэт автахгүй байх тийм л цаг ирээд байна.

Х.Тэргэл

Бусдад түгээх
  • gplus