“Улаанбаатарт үйлдвэрлэв” брэнд бүтээгдэхүүнийг бий болгоно

НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар “Улаанбаатарт үйлдвэрлэв” дэд хөтөлбөрийг хэлэлцэж баталлаа.

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгжийн 63.9 хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд үйлдвэр, хоршооны салбарт хөрөнгө оруулалт болон зах зээлийн уян хатан бодлогыг хэрэгжүүлж, үйлдвэрлэл эрхлэгчдийг кластераар хөгжүүлэн үйлдвэрлэлийг дэмжиж, “Улаанбаатарт үйлдвэрлэв” барааны тэмдэг, шошготой бүтээгдэхүүнийг сурталчлан, борлуулалтыг нэмэгдүүлэх замаар ажлын байрыг бий болгож, үйлдвэрлэл үйлчилгээний өрсөлдөх чадварыг хөгжүүлэхэд тус хөтөлбөрийн зорилго оршино.

Хөтөлбөрийн хүрээнд:

Жижиг дунд үйлдвэрийн өрсөлдөх чадварыг сайжруулах,

“Улаанбаатарт үйлдвэрлэв” брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох,

Ажлын байрыг нэмэгдүүлэх,

Бизнес эрхлэгчдийг бойжуулах,

Гарааны бизнесийг дэмжих гэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

“Улаанбаатарт үйлдвэрлэв” дэд хөтөлбөрийн зорилт:

  1. Жижиг дунд үйлдвэр, хоршоодын нарийвчилсан судалгааны үндсэн дээр байнгын ажлын байр бий болгож, байгальд ээлтэй, эко үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх.
  2. Гадаад дотоодын хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн дотоодын зах зээлийг хамгаалж, төсвийн худалдан авалтаар дэмжин, гадаадын хөрөнгө оруулалт болон санхүү, зээлийн бодлогоор дэмжих.
  3. “Улаанбаатарт үйлдвэрлэв” нэр бүхий барааны тэмдэг, шошготой бүтээгдэхүүнийг бий болгон зах зээлийг өргөжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлэх.
  4. Шинэ техник технологи нэвтрүүлэх талаар эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин, гадаад дотоодын зах зээлд өрсөлдөх чадварыг хөгжүүлэх.
 

Дэд хөтөлбөр боловсруулахтай холбоотойгоор 100 гаруй хүн оролцсон хэлэлцүүлэг явуулсан байна. Уг хэлэлцүүлгээс гарсан бизнес эрхлэгчдийн саналыг хөтөлбөрт тусгасныг хэллээ. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааны уялдаа холбоо сайжирч, бизнес эрхлэх мэдлэг, ур чадвар дээшлэн, гадаад дотоодын хэрэглэгчдэд тэргүүн ээлжинд хүрэх “Улаанбаатарт үйлдвэрлэв” барааны тэмдэг бүхий бүтээгдэхүүн үйлчилгээ бий болно. Мөн импортын бараа бүтээгдэхүүнийг орлуулах, чанартай бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэн, эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулна гэж харж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
Бусдад түгээх
  • gplus