Онцгойгийнхонд 30 хоног цэнэгээ барьдаг гар утас бэлэглэлээ

Ой, хээрийн түймрийн голомтод олон хоногоор ажиллаж байгаа Онцгой байдлын албаны алба хаагчдад сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлэхийг хүссэн иргэд, аж ахуйн нэгж байгууллага олон байгаа нь сайшаалтай.

Тухайлбал, Гамшгаас хамгаалах Хүнс, хөдөө аж ахуйн улсын албаны штабын 133 гишүүн сэтгэлийн хандив цуглуулж түймрийн голомтод үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдад зориулан гар утас бэлэглэлээ.

Энэхүү гар утас нь мобиком, юнителийн хос симтэй, сүлжээ сайн барьдаг аж. Ялангуяа ой, хээрийн түймрийн голомтод олон хоногоор үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдад зориулагдсан энэхүү гар утас нь радиогийн суваг барьдаг, чанга яригчтай, 30 хоног цэнэгээ барьдгаараа давуу талтай юм.

Мөн mp3 тоглуулагчтайгаас гадна цаг агаар, зурхай зэрэг өдөр тутмын хэрэглээний программуудыг багтаасан, гар чийдэн болгон ашиглах боломжтой. Нийслэлийн Онцгой байдлын газрын Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэст энэхүү зургаан ширхэг гар утсыг хүлээлгэн өгсөн.

Гэрэл, цахилгаангүй, хөдөө, хээрийн нөхцөлд ашиглахад тохиромжтой энэхүү гар утастай болсноор алба хаагчид ар гэрийнхэнтэйгээ холбогдохоос гадна түймрийн голомтоос мэдээлэл дамжуулах, албаны бэлэн байдлыг хангахад чухал дэмжлэг боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus