Хууль бус сурталчилгаа явуулж буй талаар баримт дэлгэв
Монгол Улсын Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигч Х.Баттулга Сонгуулийн тухай хуулийг зөрчиж, хууль бус сурталчилгаа явуулж буй талаар нийслэлийн Монгол Ардын Намын сонгуулийн штабаас баримт дэлгэлээ. Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигч мөрийн хөтөлбөр, намтар, тайлан зэргийг хэвлүүлэн иргэд, сонгогчдод тараах ёстой атал АН-аас нэр дэвшигч Х.Баттулга гүтгэлийн шинжтэй “Өнөөдрийн тойм” гэсэн сонин тараасан байна. Түүнчлэн Баянзүрх дүүргийн XXI хорооны хэсгийн ахлагч оршин суугчид руугаа утасдаж “АН-аас нэр дэвшиж буй Х.Баттулгад гэр бүлийнхээ хүмүүсийг санал өгүүлж чадах уу. Хэрэв чадна гэвэл иргэний үнэмлэхийн хуулбарыг аваад ир. Хариуд нь бид мөнгө өгнө” хэмээн ярьж байгаа бичлэгийг сонсголоо. Мөн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн оршин суугчдад гурил, будаа тараахаар бэлтгэсэн, нэг хүний регитрийн дугаарыг 50 мянган төгрөгөөр худалдан авах зэрэг хууль бус  үйл ажиллагааг АН-ынхан зохион байгуулж байгаа баримттай мэдээллийг нийслэлийн Монгол Ардын Намын сонгуулийн штабт ирүүлжээ. Түүнчлэн Баянгол дүүргийн оршин суугчдад мөнгө тараах сүлжээг байгуулахын зэрэгцээ айл бүрийн хаалган дээр янз бүрийн тэмдэглэгээ тавьсан талаар тус дүүргийн иргэн П.Өлзийнаран ярилаа.

Энэ мэтээр Сонгуулийн тухай хуулийг зөрчиж сурталчилгаа хийхийн зэрэгцээ хууль бус үйл ажиллагаа зохион байгуулж буйг шалгуулахаар холбогдох байгууллагад нь хандсан гэдгийг нийслэлийн Монгол Ардын Намын сонгуулийн штабын менежер С.Мөнхчулуун хэллээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг хийх бүтээхээрээ өрсөлдөж, хийсэн ажлаа тайлагнан хуулийн дагуу шударга өрсөлдөхийг уриаллаа.

Ю.Сүрэн
Бусдад түгээх
  • gplus