Д.Амарбаясгалан: ЭВТЭЙ МОНГОЛ ХЯМРАЛЫГ ЯЛНА
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа шувтарч буй энэ үед Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа төгсгөлдөө орлоо. МАН-аас нэр дэвшгич Миеэгомбын Энхболд “Эвтэй Монгол-Ээлтэй төр” уриатай оролцож байна. Гэтэл хар мэдээлэл нь хахсан сонгууль болж байна. Яагаад ийм байдалд хүрэв?

-Зүгээр л тоть шиг давтах гэж сонгуулийн уриа гаргадаггүй. Уриа нь сонгуулийнхаа утга учрыг, үндсэн зорилгыг, хэлж байгаа эзнийг нь ч илэрхийлж байдаг. Эвтэй Монгол-Ээлтэй төр хэмээх санаа зорилгыг хүмүүс сайн мэдэж байна. Цээжлэхэд амар гэдэгтээ ч биш. Нэгдүгээрт, монголчууд эв эеийг дээдэлдэг ард түмэн. Монголын маань түүх нь эвтэй үедээ мандсан бахархал, эвгүй үедээ доройтсон ухаарал. Хоёрдугаарт, МАН төр засаг, эдийн засагт үүссэн өр хямралыг засч залруулах ард түмний хүсэл, зөвшөөрлөөр эрх барьж байгаа хүчин. Эрх баригчид алдаа байвал засч, амжилтаа бататгах ажил хэрэгч сонгууль хийдэг нь бараг мөнхийн хууль. Гуравдугаарт, манай нэр дэвшигчийн хувь хүнийх нь зан төрх, мөн чанартай яв цав нийцсэн. Нэр дэвшигчийн үнэмлэх гардахаасаа эхлээд эвийн хадаг өргөж, бодлого, ажлаараа өрсөлдөхийг уриалсан. Түүхэнд хамгийн олон намаас төлөөлөл оролцсон Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг тэргүүлж байсан туршлагатай. Хоёр хүрэхгүй жил ажиллахдаа цалин тэтгэврийг гурав дахин нэмж, эдийн засгийн их өсөлтийн үндэс суурийг тавьж чадсан Ерөнхий сайд. Харин бүр сонгууль эхлэхээс өмнө л манай нэр дэвшигчийн өвөг дээдэс, 80 гарсан настай ээжийг нь, үр хүүхдийг нь хүртэл элдэв муухайгаар гүтгэж эхэлсэн. Хэн нь хэнийгээ хувийнхаа телевизээр юу гэж дайрч доромжилсныг хүмүүс мэдэж байгаа. Ухрааж үзэхэд амархан ухаалаг технологи хүн бүрийн гарт хүрсэн, өрх бүрийн гэрт орсон, ой санамж арилахаа больсон үе шүү дээ. АН-аас нэр дэвшигчийн хувийн С1 телевизээр гарсан “Улаан тарианы хүүхдүүд” нэвтрүүлэг энэ сонгуулийн хар муухайгийн эхлэл байв. “200 хүний толгой тастаад тойрон бүжиглэх“, “Урт хутгат Тулга” гэх мэт алан хядлага, цус хүчирхийлэлд хүртэл өдөөн турхирсан. Үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг байх үүрэгтэй Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа хүн монгол гэдэг нэгэн их өргөө гэрийнхээ эвийг эвдэхээс ичдэг, татгалздаг байх ёстой. Хэн ийм итгэл эвдэх, сэтгэл сэвтээх башир муу аргатай, баг бүрэлдэхүүнтэй билээ гэдгийг хүмүүс хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа. Сонгуулийн дараа амьдрал үргэлжилнэ, наадам болно. Эргээд уулзах нүүртэй, төр улсынхаа өмнө хүлээх хариуцлагатай, эрийн жудагтай,  долдугаар сарын 1-ний гэдэг таван халуун амь алдарсан хар муухай хэрэг явдалгүй, гоё сонгууль болоосой гэж олон түмэн хүсч бас залбирч, эхчүүд нь сүү өргөж байна.
 

ЭВЛҮҮЛГЭЭР ХӨГЖИХГҮЙ, ЭВЭЭР ХӨГЖИНӨ


-Г.Доржзодов гэдэг залуу, 60 тэрбумын бичлэг энэ сонгуулиар ч анхаарал татсан асуудал боллоо. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрийн цонхоор цухуйж өгсөн ярилцлагыг олон хүн үзсэн. Энэ асуудал хэзээ дуусах бол?

-Сонгууль бүрээр гарч ирдэг олон ангит кино шиг нэг ийм эвлүүлэгтэй болсон шүү дээ. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн эвлүүлэг гэдгийг нь тогтоочихсон. Г.Доржзодов ганцаараа ч биш Ө гэдэг залуугийн хамт энэ хэрэгт холбогдсон байдаг. Тэр хууль бус, хуурамч шагийн бараагаа үнэд хүргэдэг. Худалдан авагч хайж явдаг. Шударга ёс төлбөртэй байдаггүй юм. Эвлүүлгийг өнгөрсөн жил анх олон нийтэд түгээсэн МАХН-ын Э.Эрдэнэжамъян хүртэл “Энхболд даргын дууг хаанаас авчирч наасан юм бол доо” гэсэн нөгөө нэг холбогдогчийн мэдүүлгээс сэтгүүлчдэд танилцуулсан байдаг. Өөрөө санаанаасаа баахан мөнгө босгох танилцуулга бүтээн ярьж, түүнийгээ нууцаар бичиж авчихаад сонгууль болохоор л гаргаж ирдэг эвлүүлэг шүү дээ. Худалдагч бүсгүйг бүлэглэн зодож дээрэмдээд шүүхээс ял авч байсан хүн шударга ёсны төлөө тэмцэх үү? Хулгайч үнэнийг тогтоодог гэж үү? МАН судалгаанд суурилдаг нам. Сонгогчдын дийлэнх нь эвлүүлэгт итгэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл, эвлүүлэгтэй Монгол биш, эвтэй Монгол илүү дээр гэж үзэж байна.
 

АМЛАХ ЯАХАВ, АЖИЛ БОЛГОХ НЬ ЧУХАЛ






-Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр Миеэгомбын Энхболдыг яагаад сонгох ёстой юм бэ?

-Өрөнд оруулж, өтөнд бариулсан эдийн засгийн, хэрүүл зөрчилдөө идэгдэж, сахилга дэгээ алдсан төр засгаа хямралаас гарга гэж Монголын ард түмэн МАН-ыг сонгосон. Уналтыг өсөлт болго, хямралыг дуусга, ахуй амьдралыг өөд тат гэдэг даалгавар өгсөн. Иргэдийнхээ итгэлийг хүлээсэн, илт давуу ялалтын удирдагч нь Миеэгомбын Энхболд.  Энэ хүн авсан даалгавраа биелүүлэх ажил хийх гэж л нэр дэвшиж байна. Өрсөлдөгч нар шигээ өөрсдөө ялагдах нь битгий хэл намаа ялалтанд хөтөлсөн улстөрч. М.Энхболд гэдэг хүн хувийн шоу хөтөлдөггүй, реклам сурталчилгаанд анхаардаггүй байж болно. Гэхдээ гоё үг, хэлбэр загвар биш бодит ажил, үр дүн чухал шүү дээ. УИХ, Нийслэл, аймаг, сум дүүргийн ИТХ-ын сонгуульд итгэл төгс ялсан. Нэг үеэ бодвол эдийн засаг эргэн сэргэх эхний баттай шинж тэмдэг, баримт үзүүлэлт гарч эхэллээ. Өдрөөр ханш нь унадаг байсан монгол төгрөг бага багаар ч тогтворжиж байна. Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл  эхний таван сарын байдлаар тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Монгол Улс бол нэг л том өрх айл. Тэгвэл бусад худалдаж олсон орлого нь бусдаас худалдаж авснаасаа давлаа. Ерөнхий сайдын онож хэлснээр эдийн засаг сэхээнээс гарч, энгийн тасагт шилжлээ. ОУВС хөтөлбөрөө батлахад Сангийн сайдын мэдэгдсэнээр ногоон гэрэл аслаа. Төсвийн орлого давж биеллээ. Ирэх оны эхний өдрөөс тэтгэврээ нэмэх боломж бодитой бүрдэж эхэллээ. Эвтэй Монгол байж ээлтэй төр ажлаа хийх үндэс шалтгаан, үр ашиг нь энэ. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, нийслэл, орон нутаг бүтэн багаараа, бүрэн хүчин чадлаараа эв санал нэгтэй ажиллаж байж хямралыг давж гарна. Үр дүнг нь эгэл жирийн монгол хүн, монгол айл хүртэнэ. Бидний санаа нэгэн чигт, бидний алхаа нэгэн жигд гэдэг шүү дээ. Эв санал нэгтэй бол ихийг бүтээнэ. Төр засаг хэрүүлтэй бол эдийн засаг хямралтай. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олдоггүйг Та бид харсан. Хоорондоо хэрэлдэж хямрал дууддаг, хураасан өр, овоолсон шороог нь өнөөдөр Монгол Улс, монголчууд бүгдээрээ л ямар нэг хэмжээгээр төлж байгаа. Хасагдсан хүүхдийн мөнгө, нэмэгдэж амжаагүй байгаа тэтгэвэр, баригдах хугацаа нь хойшилсон цэцэрлэг бол өр, хямралын үр дагавар. Эзэд нь тодорхой. Өөрийн намтайгаа эвээ сахидаггүй, эсбол өглөө элссэн намаас өдөр нь нэр дэвшсэн хүмүүс төр засагтай хамтран ажиллаж чадахгүй нь тодорхой. Хяналт нэртэй хямрал, хэрүүл хийх хүмүүс төрийг хагална.  
 
-“Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөр оноосон нэр, үндэслэл бүтцийн хувьд ихээхэн сонгогчдын сонирхлыг татсан болов уу? Хичнээн ч гоё үгтэй хөтөлбөр байж болно. Энгийн иргэдийн хувьд хэрэгжих баталгаа нь илүү чухал байдаг.

-Монгол гэр бол олон мянган жилийн өв ухаан. Эвлэж уулзсан таван хананы эхлэл төгсгөл нь зөрдөггүй, эвлэж бүтдэг шүү дээ. Монгол гэрийн агуу төгс арга ухаан, үүд, унь, тооно, хана зэрэг нь аюулгүй байдал гадаад бодлого, нийгмийн халамж, шударга ёс, сайн засаглал, эдийн засгийн талаар хэрэгжүүлэх бодлого, хийх ажлаа тооцон төлөвлөх үндэс суурь болсон. Хамгийн гол нь МАН-аас нэр дэвшигч Ерөнхийлөгчөөр сонгогдвол хэлсэн амалсандаа хүрэх илүү бодитой, илүү боломжтой. Эвдрэлцэж гацаахгүй, эвлэж бүтээх УИХ, Засгийн газартайгаа хамтраад ажиллана, зорьсондоо хүрнэ.  Нөгөө хоёр нэр дэвшигчийг аваад үзье. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн авчирсан ганц суудлын хүчинд МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байна. Гэтэл тэр эрхийг нь олгосон ганц гишүүн нь С.Ганбаатарыг дэмжихгүй гэдгээ гурван ч удаа мэдэгдлээ. Ганц гишүүнтэйгээ эвээ олж чадахгүй хүний нэг ч ажил бүтэхгүй. Баахан шоу л хийнэ. Ямар гараад жагсалтай биш. Нөгөө нь Х.Баттулга. Өөрийнхөө намынхантай хамгийн их түнжин хагардаг хүн.  Өөрийн намтайгаа эвгүй хүн өөр намын УИХ, өөр Засгийн газартай эвтэй байх уу? Ахиад л хэрүүл талцал. Хэнээс болов гэдэг нь тодорхойгүй. Гараад баахан эвлүүлэг хийлээ гээд хэрүүлийн шороо л овоорно. Тэр шороогоор нь цалин, тэтгэвэр нэмэхгүй.  Өнөөдөр хэн чанга дуугарсан нь биш, хэн гоё амалсан нь нь биш ажил болгох баталгаа нь илүү чухал гэдгийг сонгогчид мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Яагаад гэвэл амьдралын бодит үнэн нь энэ шүү дээ.
 

АЖИЛ ХИЙДЭГ НЬ АРАЙ ИЛҮҮ ЗАГНУУЛДАГ


-Сонгууль бол богино хугацаанд их нягтрал, өндөр зохион байгуулалт, олон хүний хичээл зүтгэл  шаарддаг. Засгийн эрх барьж байгаа нам ямар сул талтай вэ?

-Манай нам гишүүдийнхээ итгэл үнэмшил, идэвх, оролцоогоор илүүрхдэг. Эвтэй байж, олонхоороо  шийдсэн л бол цөөнх нь дагаж чаддаг соёлтой. Энэ бол бусад намд биелшгүй мөрөөдөл байдаг. Яахав, сөрөг хүчин сонгуульд ороход бүгдээрээ арай илүү завтай. Засаг төрийн эрх барьж байгаа улс төрийн хүчний хувьд сонгуульд бүгдээрээ оролцох цаг, зав багатай нь үнэн. Төрийн ажлаа тасралтгүй хийх үүрэг ачаатай. Тариа будаа, гал түймэр, үер ус, наадмын бэлтгэл гээд ажил асуудал ихтэй. Төрийн ажил үүргээ орхичихоод, сонгууль хийгээд явж болохгүй. Нэг хошин яриа гарсан. Үдийн цайны завсарлагаар сонгууль хийж байна гэж. Гэхдээ судалгаанд тулгуурладаг, сонгуулиас үл хамаараад үйл ажиллагаа нь өдөр тутам тогтмол хэрэгждэг нам. Ачааны хүндийг үүрч, нураасныг босгож, унагаасныг сэргээдэг, ажилтай нам. Эвлээд бүтээж чаддаг, нэгдээд зүтгэж чаддаг хат суусан нам.




-Эрх барьж байгаа бол ямар ч улс төрийн хүчин шүүмжлэлд илүүтэй өртдөг. Долоон төрлийн татвар авах болсон, хүүхдийн мөнгө 40 хувьд өгөх болсон зэрэг МАН-д чиглэсэн шүүмжлэлийн сэдвүүд сонгуульд хэр нөлөөлж байна вэ?

-Амьдрал дээр заримдаа ажилсаг хүүхдээ илүү загнаад, арай эрх нэгд нь их юм хэлдэггүй байх тохиолдол байдаг. Хямраасныг нь биш хямралыг засч байгааг нь шүүмжлэхийг ч бид зөв л гэж хүлээж авдаг. Учир нь МАН-ын түүх нь, үүрэг нь тийм юм. Яагаад гэвэл бидэнд илүү итгэдэг, найддаг учраас илүү бүтээлч ажил, үр дүн шаарддаг. Тэд нураадаг, бид засдаг. Тэд амалдаг, бид ажил болгодог. Ганцхан жишээ хэлье. Хүүхэд бүрт итгэлийн 10 мянган төгрөг өгнө гэж 2004 онд амалчихаад өгөлгүй явчихсан. М.Энхболд гэдэг Ерөнхий сайдын Засгийн газар хүүхдийн мөнгө олгож амалсныг нь ажил болгож эхлүүлсэн. 2012 он гэхэд дэлхийг гайхуулж 17 хувь хүрч байсан эдийн засгийн өсөлтийг 2016 он гэхэд 17 дахин бууруулж дэлхийг гайхуулчихаад явчихсан. Улсынхаа валютын нөөцийг дөрвөн жилд дөрөв дахин дундалсан. Монголбанкны алдагдал гурван их наяд төгрөг. Хүүхдийн цэцэрлэг 3000-ыг барих мөнгө үрэн таран хийж. Тонныг нь 70 ам.доллараар зарж байсан Тавантолгойн нүүрсийг гэрээг нь өөрчлөөд 20, 30 ам.доллар болгочихсон. Ийм том хямдрал ийм их хямрал дагуулсан. Дээрээс нь зах зээлийнхээ эсрэг зүгт зам тавина гэдэг. Хувийн хэвшлийн зүгээр явж байсан ажлыг зогсоож, булааж аваад гацаачихдаг. Яаж амжуулдаг юм гэмээр сөрөг амжилт, хасах үзүүлэлтүүд. Энэ бүхнийг нь өнөөдөр Монголоороо төлж байна. Монголоороо засч залруулах гэж зүтгэж байна. “Баяраа өөрөө л уначихсан юм байна лээ” гэдэг бил үү. Өөрсдөө л хүүхдэд өгөх мөнгийг салхинд хийсгэчихээд сонгууль болохоор “Яав, ийв” гэж матрын нулимс унагаад байна. Засгийн эрхэнд хямрал дагуулж ирээд, хямралаа үлдээчихээд явчихдаг. Энгийн үнэн нь юу вэ гэвэл эвтэй монгол байж ээлтэй төр байж чадна. Эвтэй байж хямралыг даваад ээлтэй төрийн бодлогоо илүү хүртээмжтэй, илүү чанартай хэрэгжүүлж чадна. Долоон төрлийн татварын тухайд бол боломжтой нь их, боломжгүй бага төлөх шударга бодлого. Өнөөдөр энгийн иргэний түрийвчинд, амьдралд шууд мэдрэгдсэн татвар байхгүй. Приусын татварыг тэглэсэн. Тэгээд ч 400 орчим машинд л хамаарах байсан. Архи, тамхины татварыг нэмсэн нь зөв гэж ард иргэд үзэж байгаа. Хувь хүний орлогын татвар бол 1.5 саяас их цалинтай хүмүүст хамаатай. Ийм цалинтай нь 10 орчим хувь. Арван монгол хүний 9-д нь хамаагүй гэсэн үг. Хадгаламжийн хүүгээс авах татварын тухайд бол хэдэн зуун сая, тэрбумаар хэмжигдэх хадгаламжтай хүмүүс илүү төлнө. Нийт хадгаламж эзэмшигчдийн 10 хүрэхгүй хувь нь нийт мөнгөний 90-ээс илүү хувийг хадгалуулдаг. Ийм бодит үнэнийг улс төрийн зорилгоор ашиглаж байгаа. Өөрсдөө л ард түмний ахуй амьдралыг хүндрэлд оруулчихаад, өнөөдөр тэрнийг ашиглаж, давхар давхар хорлож байна гэж хэлсэн ч хатуудахгүй болов уу.

-Та нэр дэвшигчээ гэхээсээ хийх ажил, хэрэгжүүлэх баталгаа, дэвшүүлсэн хөтөлбөр, гаргасан уриаг нь илүү яриад байна. Хувь хүнийхээ хувьд ямар хүн бэ?

-Миеэгомбын Энхболд дарга бол Монгол төрд анхан шатнаас нь эхлэн 30 жил зүтгэж байгаа хат туршлага суусан хүн. Төрийн хойморт тооноор орж суудаггүй, эсвэл салхиар хийсээд залардаггүй, босгонд нь бүдрэхгүй алхаж орох учиртай. М.Энхбол даргад зөөлөн хүч гэдэг зүйл бий. Олон юм хэлдэггүй хүний үг орой руу ордог. Үг нь цөөн ч, үнэн байдаг юм. Дэмжихгүй зүйлээ заримдаа харцаараа л ойлгуулчихна шүү дээ. Тэгэх тусам хүмүүс бэргэхээ хүрвэл илүү бэргэдэг. Уурлахаар юманд уурлахгүй байхынхаа хэрээр ухаарал өгдөг гэж би хэлнэ. Зөвд зөөлөн, бурууд хатуу монгол төрийн хүний үлгэр дуурайлыг үе насаар дүү бидэнд ингэж л заадаг. Үзэл бодол, хань ижил, анд нөхдөө өөрчилж сольдоггүй үнэнч тууштай хүн. Өөрөөр хэлбэл сайн аав, сайн хань, сайн нөхөр. Төрийн тэргүүний өндөр сэнтий сахилга дэггүй, үнэн худал бичиг баримттай хүмүүсийн сандайлдаг суудал биш. “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэж их Чингис хаан сургасныг мартах учиргүй.  Морьтой монгол эр хүний нандин чанар шүү дээ. Эвтэй Монгол ялна аа.     
 
Э.Энхболд
Өдрийн сонин
Бусдад түгээх
  • gplus