Малын галзуу өвчин гарчээ
Архангай аймагт он гарснаас хойш малын галзуу өвчин Хашаат, Жаргалант, Цэцэрлэг, Өндөр-Улаан, Хотонт гэсэн таван суманд нийт 11 удаагийн малын галзуу өвчний тохиолдол бүртгэгджээ.
 
Тус аймгийн Хотонт суманд хамгийн сүүлийн тохиолдол нь тавдугаар сарын 31-нд гарчээ. Энэхүү тохиолдлыг улсын мал эмнэлгийн лабораторийн шинжилгээгээр малын галзуу өвчин мөн болохыг тогтоосон байна. Ийнхүү галзуу өвчин гарсантай холбогдуулан өчигдөр аймгийн Онцгой комиссын хурлын шийдвэрээр галзуу өвчин гарсан сум, багуудад мэргэжлийн багийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг ажиллуулах шийдвэр гарсан байна.
 
Өнөөдрийн байдлаар өвчин гарснаас хойш Жаргалант сумын Хоолт, Зуслан баг, Хотонт сумын Өндөрсант, Хашаат сумын Номгон багуудад мал амьтны халдварт галзуу өвчинтэй тэмцэж, нийт 103 мал, амьтан устган, малчдад мэдээлэл сурталчилгаа түгээх ажлуудыг хийсэн байна.
 
Галзуу өвчин гарах болсон шалтгаан нь ихэнх нь үнэг, чоно мэтийн зэрлэг амьтан мал руу ноцож  хазсантай холбоотойгоор гарсан байна. Хазуулж халдвар авсан таван үхэр, таван хонь, хоёр ямаа, нэг ишиг, нэг адуу, нэг согоо, нэг үнэг, нэг нохойг өвчин гарсан тухай бүр нь даруй устгаж байжээ. Цаашид ч нэмэгдэж гарч болзошгүйг Зоонозын төвөөс хэлж байгаа аж. Галзуу өвчний вакциныг захиалсан байгаа ч одоог хүртэл ирээгүй байна.
 
П. ГОО
Бусдад түгээх
  • gplus