Хайлаастаас Дарь-Эх хүртэлх 1,4 км замыг 57у/м гүүрийн хамт шинээр барина

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар  “Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1,4 км замыг 57у/м гүүрийн хамт шинээр барих”  ажлыг Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан. Энэ  гадна тойрог зам нь хотын төвийг тойрсон гол гудамж байх бөгөөд ачаа тээврийн үндсэн урсгалыг жигд хуваарилан  өнгөрүүлэх үүрэгтэй юм.

Төслийн хүрээнд Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1,4 км замыг 57у/м гүүрийн хамт шинээр барих бөгөөд авто замын зорчих хэсгийн өргөн 14м, 4 эгнээ хатуу хучилттай, хоёр талдаа 2м өргөн ногоон байгууламж, 3м өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтай иж бүрэн зам барихаар төлөвлөсөн. Энэ замыг барьснаар Дарь-Эхийн зам болон Чингэлтэйн гудамжийг холбосон шинэ холбоос зам үүсч, хотын хойд хэсэг болон  зуслан чиглэлийн авто замын ачааллыг бууруулж, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийг холбон гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хурдасгах чухал ач холбогдолтой юм.

Төслийн хэрэгжүүлэгчээр “Мотор сервис” ХХК шалгарсан бөгөөд зургадугаар сарын 20-ноос 11 дүгээр сарын 10-ны хооронд гүйцэтгэхээр 6 353 399 881 төгрөгийн гэрээ байгуулан, ажлаа эхэлж байна  гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.


 

Бусдад түгээх
  • gplus