Нийслэлийн эрх зүйн байдлын хуулийг хэрхэн өөрчлөх вэ
Даац нь хэтэрсэн нийслэлд бид амьдарч байна. Үүнээс үүдэн нийслэлчүүд зун нь хөрсний бохирдол, өвөл нь агаарын бохирдолд “дарлуулан” аж төрж байна. Гэвч нийслэлийг нүүлгэнэ гэвэл наад зах нь 50 жил шаардлагатайг албаныхан дуулгадаг.   Иймээс нэн тэрүүнд хууль эрх зүйн нарийн зохицуулалт хийх шаардлага тулгараад байна. Энэ хэрэгцээ шаардлагыг үндэслэн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүллээ.

Анх 1994 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлан гаргасан байдаг. Хууль батлагдсанаас хойшхи 22 жилийн хугацаанд 9 дүүрэг, 152 хороотой нийслэл хотын үйл ажиллагаа жигдэрч, эдийн засаг, нийгмийн харилцааны хувьд тодорхой хэмжээнд өргөжин хөгжиж, оршин суугчдын тоо 1.3 саяд хүрээд байна. Тухайлбал, нийслэл хотын хөдөлмөрийн насны хүн амын тоо 981.456, жил тутам шилжиж ирэгсдийн тоо 30.297, төрөлт 42.790 бөгөөд нийслэлийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 14.881 тэрбум төгрөгт хүрсэн нь үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний 64.5 хувьтай тэнцэж байна. Нийслэл хотод нийт 43.490 аж ахуйн нэгж бүртгүүлсэн нь улсын хэмжээнд бүртгэлтэй байг 68.425 аж ахуйн нэгжийн 63 хувьтай тэнцэж байгаа юм. Орон нутгаас хот руу шилжих хөдөлгөөн 1990-ээд оноос хойш эхэлсэн ба тасралтгүй үргэлжилсээр өдгөө нийслэлд байнга болон түр оршин суугчдын тоо 1.372 саяд хүрсэн нь манай улсын нийт хүн амын 46.8 хувьтай тэнцэж байгаа аж.

Түүнчлэн Улаанбаатар хотын хүн амын өсөлт нь хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болох, гэмт хэрэг, зөрчил ихсэх, замын хөдөлгөөнд хэт түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээний салбар доголдох зэргээр эдийн засаг, нийгмийн бүх талын харилцаанд хүндрэл учруулж эхэлжээ.

Иймээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг боловсруулжээ. Хууль батлагдсанаар төрийн байгууллагын ачаалал нэмэгдэх боловч асуудал хариуцсан төрийн байгууллагын чиг үүргийг илүү тодорхой болгох, хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болох, гэмт хэрэг, зөрчил ихсэх, замын хөдөлгөөнд хэт түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээний салбар доголдох зэргээр эдийн засаг, нийгмийн бүх талын харилцаанд учирч байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх замаар хүний үндсэн эрх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангах аж. 
П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus