Туул голын бургасыг сүйтгэсэн компанийн лицензийг цуцалжээ

Богдхан уулын дархан цаазат газрын Ихтэнгэрийн амны хязгаарлалтын бүсэд туул голын бургасыг сүйтгэж, барилга барьж байгаа тухай мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд орсон. Тэгвэл үүнтэй холбогдуулан БОАЖЯ-наас хэвлэлийн бага хурал зарлаж, уг асуудлаар БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ч.Гал мэдээлэл хийлээ.

Түүний хэлснээр дээрх бүсэд газар ашиглагч “Зүүнбаян рефайнери” ХХК тухайн үеийн Байгаль орчны сайдын 2008 оны наймдугаар сарын 22-ны өдрийн 283 тоот тушаалаар 4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар эрх авч, газар ашиглах гурвалсан гэрээг мөн оны наймдугаар сарын 25-ны өдөр байгуулсан байна. Улмаар эрх авч, гэрээ байгуулсны дараа зөөврийн сууц байрлуулан, хамгаалалтын хашаа барьжээ.

Мөн тухайн үеийн ТХНУГ-ын /Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар/ дарга Т.Эрдэнэчимэг 2014 онд тус компанийн ашиглалтын талбайг голын хамгаалалтын бүсээс гаргах нэрээр талбайн солбицлын анхны байсан 7 цэгийг холбогдох тушаалгүйгээр 2014 оны дөрөвдүгээр сарын 23-нд 17 болгон өөрчилсөн байна. Өөрчлөгдсөн солбицол бүхий газар ашиглах гэрчилгээ, гурвалсан гэрээг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд ирүүлээгүйгээс мэдээллийн зөрүүтэй байдал бий болсоор иржээ.

Тэгвэл үүнтэй холбогдуулан хамгийн анх 2014 оны тавдугаар сарын 29-ний өдөр Хамгаалалтын захиргаанаас тухайн ашиглаж буй газарт хяналт шалгалт хийсэн байна. Гэтэл бургас мод сүйтгэсэн зөрчил илэрч 6.560.940 төгрөгийн торгууль, нөхөн төлбөрийг ногдуулж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дансанд төлүүлжээ.

Түүний дараа 2016 оны есдүгээр сарын 19-ний өдөр мөн тухайн компанийн ашиглаж байгаа талбайд дахин хяналт шалгалт хийхэд бетон зуурмаг үйлдвэрлэх тоног төхөөрөмж байрлуулсан, бургас мод ихээр сүйтгэсэн зөрчлүүд дахин илэрсэн бөгөөд бетон зуурмагийн тоног төхөөрөмжийг нүүлгэх албан шаардлага хүргүүлсэн байдаг. Гэвч тус компанийн зүгээс улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлэх боломжгүй байна гэсэн утгатай хариуг тухайн үед өгчээ. Гэх мэт байгальд их хэмжээний хохирол учруулсныг удаа дараагийн шалгалтаар тогтоож, 2017 оны тавдугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн байгаль хамгаалах газартай хамтран огтлогдсон бургас, модны экологи-эдийн засгийн үнэлгээний дагуу “Зүүнбаян рефайнери” ХХК-д БОХУ-ын байцаагч Ойн тухай хуулийн дагуу дахин 12.363.420 төгрөгийн торгууль, нөхөн төлбөр ногдуулсан.

Гэвч “Зүүн баян Рефайнери” ХХК-ийн байгальд учруулж байгаа хохирол, тус компанийн зөрчил, дутагдал одоог хүртэл арилахгүй байсаар байна.

Иймд “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн талбайн хэмжээ хэтрүүлсэн, ДЦГ-ын нийтлэг горим зөрчсөн, байгаль орчныг сүйтгэж, унаган төрхийг алдагдуулж байгаа үйлдлийг таслан зогсоох, газар ашиглах эрхийг дуусгавар болгох шаардлагатай гэж үзэн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тушаал гарган тус компанийн лицензийг цуцаллаа. 

Г.Зул

 
Бусдад түгээх
  • gplus