“Улаанбаатар цом”  өнөөдөр эхэлнэ

Сонирхогчдын боксын "Улаанбаатар цом" олон улсын тэмцээн Улаанбаатар хотноо зургадугаар сарын 21-25-нд Хандгайт дахь "Их тамир" спорт цогцолборт болно.

"Улаанбаатар цом" боксын 28 дахь удаагийн олон улсын тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Казахстан, БНАСАУ тэргүүтэй арван орны нийт 121 боксчин аваргын төлөө өрсөлдөнө. Харин манай улсаас Зохион байгуулагч орны хувьд давуу эрхийн дагуу жин тус бүрт дөрөв, нийт 40 тамирчин оролцохоор болжээ. Тэмцээн эрэгтэй долоо, эмэгтэй гурван жинд явагдах юм.

Энэхүү тэмцээнд манай шилдэг боксчдоос олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ Б.Түвшинбат, Рио 2016 наадмын тавдугаар байрын шагналт, ОУХМ Э.Цэндбаатар нараас бусад нь хүч, ур чадвараа сорино.

Дашрамд дуулгахад, тэмцээн болох өдрүүдэд 12,13,14 цагаас Спортын төв ордны өмнөх талбайгаас Хандгайт "Их Тамир" спорт цогцолбор хүртэл автобусаар үнэ төлбөргүй үйлчилэх юм байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus